Нийтлэл

НҮБ-аас энэ онд баталсан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” -ийн зорилтуудаас  “Бүгдийг хамарсан, нийтлэг, чанартай боловсрол олгох бүх хүмүүсийн амьдралын турш сурах боломжийг дэмжих”-д мэдээлэл технологийн эрин үед нээлттэй боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ.

Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ Эрин” лаборатори сургуулийн нийгмийн ухааны сургалтанд 11, 12-р ангийн сурагчдад дэлхий дахины хамгийн шилдэг бага хурал болох TED –ийн шилдэг лекцүүдийг ашиглан тэдэнд ойлгоход бэрх зарим нэг сэдвүүд болох эдийн засаг, улс төр, эрх зүй, олон улсын харилцаатай холбоотой видео мэдээллээр дамжуулан дэлхий нийтийн болон өнөөгийн цаг үеийн монголын нөхцөлтэй холбогдох нийгмийн шинжлэх ухааны ойлголтуудыг тэдэнд энгийнээр хүргэхэд оршино.

Түүхийн хичээлийн үндэсний цөм хөтөлбөр 8, 9-р ангийн сурагчид мөн Cambridge IGCSE History 0470 хичээлийг сонгон судалж буй суралцагчдад хамгийн өргөн тандалттай Америкийн Нэгдсэн Улсын Хан Академийн видео хичээлүүдийг англи хэл дээр болон монгол хэл дээр орчуулсан хэлбэрээр сургалтанд ашиглаж байна.

Мөн музейн үзмэрийн сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах нь төсөлд хамрагдаж төслийн хүрээнд сургалтанд ашиглав. Түүх нийгмийн ухааны сургалтанд нээлттэй эхүүдийг хэрэглэснээр суралцагчидын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадвар хийгээд мэдээлэл боловсруулж, өөрийн үнэт баялаг болгож чадах дэлхийн монгол иргэнийг бэлтгэхэд оршино.

Удиртгал:

21 дүгээр зуун бол мэдээллийн эрин зуун. Энэ цаг үед мэдээлэл дунд хүмүүс амьдарч байгаагаас 70 гаруй хувийг цахим эх сурвалжаас авч байна. Блогдох, гүүглэдэх, татах, спам, фэйсбүүкдэх, мэссенжердэх гээд жигтэй үгс бидний өдөр тутмын ярианд нэвтэржээ. Интернэтийн кибэр орчин хүмүүсийн ажиллах, харьцах, тоглохын үндсээр нь өөрчиллөө. Монголд тэгвэл 2005 онд “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайн интернэт хэрэглэгчдийн тоо 10000 байсан бол өнөөдөр сар бүр нэг сая хүн идэвхтэй хандалт хийж байна.

Өнөөдөр  дэлхий нийтэд сургалтанд нээлттэй эх сурвалжуудыг ашиглах үйл явц өргөнөөр дэлгэрч байна. Бидний хариулах ёстой хамгийн гол асуудал бол цахим ертөнцөд цахимжсан хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ? гэсэн асуудал юм. Иймд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол орны өөрийн өвөрмөц онцлогийг тусгасан онлайн эхүүдийн мэдээллийн сан бий болгох шаардлагатай байна. Сурагчдад Хан Академи болон TED-ийн онлайн, видео хичээлүүд нь нийгмийн ухааны сургалтаар тэдэнд мэдээ мэдээлэл, мэдлэгийг өгч цаг үеийнхэнтэйгээ хөл нийлүүлэн алхан, хөгжсөн төлөвшсөн иргэн болоход цахим ертөнцийн мэдээллийг ашиглаж сурах боломжуудыг олгож байна.

1.  Арга зүй

Туршилт 1: Нийгмийн ухааны сургалтанд TED болон баримтат кино, контент, нийтлэлүүдийг ашиглах нь

1)      Ахлах ангийн 11, 12-р ангийн нийт 80 сурагчидаас Өдөрт хэдэн цаг интернэт ашигладаг вэ? Ямар ямар сайтуудыг ихэвчлэн ашигладаг болох? Интернэт хаанаас ихэвчлэн ордог вэ? Интернэтээс авсан мэдээллээ хичээлдээ ашигладаг уу? Ашигладаг бол ямар хичээлд ямар сайтуудыг түлхүү ашигладаг вэ? гэсэн асуултуудаар судалгаа авсан.

2)      Судалгааны үр дүнг нэгтгэсний дараа сурагчидад нээлттэй онлайн эхүүд (http://academicearth.orgwww.wikipedia.orghttp://www.bloomberg.com  www.baabar.mnwww.tv.insider.mn) -ийг ашиглах, бие даан суралцах боломж өндөр байгаа талаар зөвлөгөө өгч, TED-ийн талаар танилцуулга хийсэн.

3)      Суралцагчидыг өөрийн ирээдүйн мэргэжил, хүсэл сонирхол дээрээ үндэслэн дурын сонголтоор сонирхолтой лекцийг тус бүр нэгийг үзэж, тэмдэглэл хөтлөн, бүлгийн фокус ярилцлага хийхэд бэлдэж ирэх даалгавар өгсөн. Ингэснээр сурагчид өөрийн сонирхсон сэдвээр бие даан мэдээлэл олж авч, боловсруулалт хийн үнэлэлт дүгнэлт өгч, бусадтайгаа мэдлэгээ хуваалцдаг.


 4)      Нийгмийн ухааны сургалтын цөм хөтөлбөрийн дагуу бүлэг сэдэвтэй холбоотойгоор баримтат болон уран сайхны кино үзэхээс гадна сурагч бүр бие даалтын авсан сэдвийн хүрээнд лекц үзэж, тэмдэглэл хөтлөн, шинэ үгийн тайлбар бичиж ирэн бие даалтаа хамгаалдаг.

Туршилт 2:   Cambridge IGCSE History 0470 хичээлд Хан Академиийг ашиглах нь

Энэ хичээлийн жилээс эхлэн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Шинэ Эрин сургуулийн 9АБ бүлгийн нийт 6 сурагчид Дэлхийн түүх хичээлийг сонгон суралцаж байна.

1)      Дэлхийн түүх сонгон судалж буй сурагчдаар онлайн анги үүсгэсэн.

2)      Үзсэн сэдвүүдтэй холбоотой видео хичээлүүдийг гэрийн даалгаварт бие даан судалж, дасгал ажил ажиллуулсан. Ингэснээр ангид үзсэн мэдлэгээ бататгаж, бие даан суралцах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх боломжийг олгож байна.

3)     Суралцагчид өөрсдийн түвшингээ тодорхойлохоос гадна олон төрлийн дасгал ажлуудыг гүйцэтгэж бие даан суралцаж байна.

Туршилт 3: Үндэсний цөм хөтөлбөрийн хүрээнд Түүхийн хичээлд онлайн эхүүдийг ашиглах нь

Түүхийн хичээлийн үндэсний цөм хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилээс эхлэн дэлхийн түүх, монголын түүх гэж тусад нь биш нэгдмэл агуулгаар үздэг болсон. Үүнтэй холбоотой дэлхийн түүхэн  дэх чухал үйл явдлуудыг үзэхдээ Хан академийн англи хэл дээрх хичээл болон  монгол хэл дээр орчуулагдсан видео хичээлүүдээс судалж байна.

http://one.mn/khanacademy 

http://mn.khanacademy.org

http://mn.khanacademy.org/humanities/world-history

Мөн дэлхийн болон Монголын түүхтэй холбоотой уран сайхын кино, баримтат кино, контентүүдийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна.

Сурагчдаас авсан судалгаа

 Ахлах ангийн 11, 12-р ангийн нийт 80 сурагч, дунд ангийн 6-9 -р ангийн 192 сурагчаас авсан судалгааны дүнг нэгтгэж үзвэл:

 5/ Ашигладаг бол ямар хичээлд түлхүү ашигладаг вэ?

Суралцагчидаас авсан судалгааны дүнд хими, физик, математикийн гэх байгалийн шинжлэх ухааны хичээлд интернэтийг түлхүү хэрэглэж мэдээ мэдээлэл авдаг гэсэн бол нийгэм, түүхийн хичээлүүдээр харьцангуй бага байгаа нь цаашид хичээл сургалтандаа болон суралцагчидад бие даалт хэлбэрээр өгөх нь сургалтын чанарт нөлөөлнө гэж үзлээ. 

Туршилт 4: Музейн үзмэрийг сургалтын хэрэглэгдэхүүнд ашиглах нь

БСШУЯ-ны захиалгаар музейн үзмэрийг сургалтын хэрэгдэхүүнд ашиглах нь төслийг Содон солиушн ХХК захиалгаар гүйцэтгэж байна. Энэхүү ажлын хүрээнд үндэсний түүхийн музейн 100 гаруй үзмэрүүдийг хийсвэр аялалын орчинд буюу гурван хэмжээс зургаар илэрхийлэх ажилд оролцов. Цөм хөтөлбөрийн хүрээнд музейн үзмэрийн тайлбаруудыг сурагчдын нас бие сэтгэхүйн онцлогт нь тааруулж Шинэ-Эрин сургуулийн 6-9-р Түүхийн хичээлд хэрэглэгдэхүүн болгон тушилтаар сургалтанд ашиглалаа. Тус төслийн хүрээнд боловсруулагдсан цахим хэрэглэгдэхүүнийг ашигласанаар сурагчдын эх сурвалжаас авсан мэдээлэл ойлголтоо тодорхойлох, шинжлэн дүгнэхэд ахицтай ажил болов.    

2. Үр дүн

Сургалтанд нээлттэй боловсролын эхүүдийг ашиглаж эхэлснээр сурах арга барил болон эзэмших чадварын хувьд цөм хөтөлбөрийн хүрээн дэх асуулт тавих, асуудал таамаглан шийдвэрлэх, үйлийг төлөөлөх, мэдээлэл боловсруулах, үр дүнг хэлэлцэх, шинэ санааг гаргах,  асуудалд судлаачийн байр сууринаас хандах, ШУ-ч арга барилд суралцахад онлайн эхүүд өндөр ач холбогдолтой.

Нийгмийн ухааны хичээлийн явцад үзэж буй бүлэг сэдэвтэй холбоотой шилдэг лекцүүдийг гэрийн даалгаварт үзэж, уншиж ирүүлээд хичээл дээр үзэж буй шинжлэх ухаантай хэрхэн холбогдож байгаа шинжлэх ухааны онол амьдрал дээр хэрхэн нийцэж байгаад үнэлэлт дүгнэлт өгч анализ хийсэн. Мөн нэр томьёоны тайлбар хийлгэсэн. Лекцүүдээс сонгохдоо шинжлэх ухааны онолын үндэслэлтэй үнэн тоо баримттай эх сурвалж нь тодорхой сурагчдад хүртээлтэй ойлгоход энгийн, олон тандалт, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, судлаач эрдэмтдийн бүтээлээс цаг үетэй тохирсон асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон судалгааны үндэслэлтэйг нь сонгож авсан. Мөн үндэсний болон Дэлхийн түүхийн хичээл дээр Хан академийн видео хичээлүүд, монголын болон дэлхийн түүхэн дэх суут хүмүүс, чухал үйл явдлуудыг үнэн бодитоор харуулсан уран сайхны болон баримтат кинонуудыг ашиглаж байгаа нь суралцагчдын идэвхи сайжрахад нөлөөлж байна.

Сурагчдын сэтгэгдэл:

  • Хичээлд оролцох сурагчдын идэвх нэмэгдсэн
  • Хичээл сонирхолтой явагдах болсон
  • Суралцагчид интернэтээс өөрт хэрэгтэй мэдээллийг авах болсон
  • Интернэтийн зүй зохистой хэрэглээ хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлсөн
  • Цаг үеийн үзэгдэлд өөрийн үнэлэлд дүгнэлтийг өгөх чадварт суралцсан

 3. Дүгнэлт

Суралцагчдын хувьд ойлгоход бэрхшээлтэй байсан бүлэг сэдвүүдийг богино хугацаанд судалж, интернэтийг зүй зохистой ашиглан өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, өнөөгийн цаг үетэйгээ мөр зэрэгцэн алхах, интернэтээс өөрийн хүссэн нийтлэл баримтыг маш хялбар аргаар олж аван уншиж суралцсан. Нээлттэй эхүүд нь энэ зууний эрдэм боловсролтой, зөв монгол хүнийг төлөвшүүлэх бас нэгэн арга хэлбэр юм. Дэлхийд өрсөлдөх монгол иргэдийг бэлтгэхэд нээлттэй эхүүд тэрхүү боломжийг олгож байна. Олон улсын шалгалтуудыг амжилттай өгч (IGCSE, AS/A level, SAT, Монбуши) дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг суралцагч бүрт нэгэн ижил гараанаас шударга өрсөлдөх боломжийг олгож байна. Иймээс сургалтанд нээлттэй боловсролыг ашиглан суралцагчийг хөгжүүлэх нь зүйтэй байна. Хорвоо дэлхийг хүн өөрчилдөг бол хүнийг боловсрол өөрчилдөг.

  Ашигласан материал