Нийтлэл

Хан Академийн видео хичээлүүдийн хэрэглээнд суурилсан байдал, сурагчдын сонирхлыг татахуйц, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж буй эсэх талаар судаллаа.

2015-2016 оны хичээлийн жилээс шинэ зорилготой, шинэ арга зүйд тулгуурласан Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр агуулгын зөрөө гарах, арга зүйн хувьд өөрчлөлт хийх зэрэг тодорхой цаг хугацаа бэлтгэл шаардлагатай хүндрэлүүд гарч байгаа билээ.

Энэ цаг үед Нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багшийн сургалтын видео хичээлийн сан, нээлттэй сургалтын онлайн системийг бий болгох зорилгоор АНУ-ын Хан Академийн видео хичээлүүд нь хүндрэлийг хялбар шийдэх сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болох талаар зарим судалгааг хийлээ

Суурь боловсролын математикийн хөтөлбөрийн зорилго нь өгөгдөлтэй ажиллах, асуудал шийдвэрлэх, танин мэдэх  арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэж байгаатай холбоотойгоор арга зүйн хувьд видео хичээлүүдийн хэрэглээнд суурилсан байдал, сурагчдын соиирхлыг татахуйц, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж буй эсэх талаар судаллаа

Судалгааны үр дүнд “Хан Академи”-ийн видео хичээлүүдийн 40 орчим хувь нь сургалтын шинэ хөтөлбөрийн агуулгад шинээр нэмэгдэж орсон агуулгын хүрээнд бэлтгэгдсэн байгаа нь ажиглагдаж байна. Арга зүйн хувьд энгийн, хэрэглээнд суурилсан асуудал дэвшүүлэн шийдвэрлэсэн хэлбэртэйгээр бэлтгэгдсэн гэж үзэж байна.

Монгол хэлнээ орчуулагдсан видео хичээлүүд нь агуулга, арга зүйн хувьд матемтикийн шинэ хөтөлбөртэй нийцэж байгаа нь хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй сургалтыг дэмжих хэрэгсэл болж байна.

2015-2016 оны хичээлийн жилээс мөрдөгдөж буй сургалтын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэх зарчим нь “мэдлэг бол хүнээс хүнд дамждаггүй, харин хүн өөрийн идэвхтэй бүтээлч үйл ажиллагаагаар бүтээдэг” гэсэн консруктив онолд тулгуурлаж байгаа. Сурагчдын өмнөх мэдлэг чадвар дээр суурилан асуудал дэвшүүлэх замаар шинэ мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх, хамтран дөхүүлэх, чиглүүлэх асуултуудын тусламжтайгаар хамтран шийдвэрлэж, асуудал шийдвэрлэх, танин мэдэх арга барил эзэмшүүлэхийг зорьж байгаа билээ. Шинэ хөтөлбөр, түүний дагуу гарсан сурах бичиг нь онол тайлбарлахаасаа илүүтэй хэрэглээнд суурилсан, сурагчдын бие дааж ажиллах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн багшлахуйн зарчимд “...Математикийг бодит ертөнц, ахуй амьдралтай холбох, бодит ертөнц дэх асуудлыг загварчлах математикийн олон арга байдгийг ойлгуулах, сурагчдын мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадварыг хөгжүүлэх...” хэмээн заасан байна.                                   

Хан Академийн хичээлүүд нь амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэх замаар бэлтгэгдсэн байдаг нь арга зүйн хувьд шинэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад багш, сурагчдад дэмжлэг болох боломжтой юм. Мөн ердийн нэг онолын тайлбар биш, сурагчидтай энгийн байдлаар амьд харилцаа үүсгэдэгээрээ давуу талтай. Дасгал ажлууд нь тодорхой нэг асуудлыг олон загвараар шийдвэрлэсэн байдаг нь сурагчдыг илүү бүтээлч хандлагатай болгох, эрэл хайгуул хийх сонирхол төрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

 1. Арга зүй

Хан Академийн хичээлүүдийг анги тус бүрээр ангилж, хэрэглээнд суурилсан,  сурагчдын соиирхлыг татахуйц байдал, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн талаар судаллаа. Мөн хөтөлбөрт шинээр нэмэгдсэн агуулгуудын хувьд багш нарт заах арга зүйн дэмжлэг болох, шинэ санаа авах, багш сурагчдын хувьд хөтөлбөрийн зөрөөтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тусламж болох боломжтой талаар авч үзлээ.

 2. Үр дүн

Хан Академийн бичлэгүүд амьдрал ахуйн асуудал дэвшүүлсэн байдлаар болон мэдлэгээ бататгах дасгал ажлууд хэлбэртэй хийгдсэн байна. Дасгал ажлуудын хувьд нэг төрлийн асуудлыг олон хувилбарт аргаар шийдвэрлэж байгаа давуу талтай байна.

Тодорхой агуулгын арга зүйг анги тус бүрээр авч үзье.

VI анги

Хөтөлбөрийн агуулгад тусгагдсан  “Тоон болон дүрсэн дарааллын гишүүдийн зүй тогтлыг илрүүлэх, тайлбарлах, дарааллыг үргэлжлүүлэх”  агуулгаар “Математик зүй тогтол, жишээ 1” хичээлийг сонгон авлаа.

Асуудлыг дэвшүүлэн тавьсан хэлбэр:

Энгийн, амьдрал ахуйгаас урган гарсан.

“Ширээний богино хоёр талд нэг нэг хүн, урт талд нь хоёр хоёр хүн суудаг. Дахин нэг ширээ залгавал хэдэн хүн суух вэ?”

Математик загварт оруулж, таамаглал дэвшүүлсэн нь:

Нөхцөл бүрийг хүүхдэд ойлгомжтой энгийн байдлаар тайлбарласны дараа хамтран дараагийн ширээнүүдийг зурж, шууд тоолж, үр дүн гаргав. Ингээд 4-өөр нэмэгдэж байна гэсэн таамаглал дэвшүүлж байна. Хөдөлгөөнт видео хичээл учир таамаглал дэвшүүлэх үйл явц нь илүү тодорхой, энгийн байна.

Тооцоолол хийж, таамаглалаа үнэн зөв эсэхийг шалгах нь:   

Ширээ нэмэгдэх бүрд 4 хүн нэмэгдэж сууж байгаа тооцооллыг энгийн, ойлгомжтой байдлаар дүрслэн харуулж, баталгаажуулж байна. 

Дүгнэлт гаргаж, хэрэглэсэн нь:

Зүй тогтол нь 4-өөр нэмэгдэж байна гэсэн дүгнэлтээ баталгаажуулсан тул дараагийн гишүүдийг хялбархан олох боломжтой боллоо.

VII анги

Хөтөлбөрийн агуулгад тусгагдсан  “Асуудал шийдвэрлэхийн тулд өгөгдөл цуглуулах арга,  хэмжигдэхүүний утгын нарийвчлалыг сонгох, түүврийн хэмжээг тогтоох, Хүснэгт зохиох, хэрэглэх: Үүнд

–        Тэнцүү завсарт бүлэглэсэн тасралтгүй өгөгдлийн давтамжийн хүснэгт

–        Дискрет өгөгдөл бичих “хоёр хэмжээст хүснэгт зохиох” агуулгаар “Хоёр замт давтамжийн хүснэгт ба Венний диаграмм” хичээлийг сонгон авлаа.

Өгөгдөл бүртгэх аргуудын нэг болох хоёр хэмжээст хүснэгт зохиох аргыг энэхүү хичээлээр дэлгэрэнгүй тайлбарласан байна. Мөн Веннийн диаграммтай холбон тайлбарласан нь илүү ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болгожээ.

Асуудлыг хялбар байдлаар дэвшүүлсэн.

“Өгөгдлийг хэрхэн хялбар байдлаар дүрслэн харуулах вэ?”

Олон хэлбэрээр бүртгэж харуулсан.

Өгөгдөл дискрет утгуудтай учир эхлээд Веннийн диаграммаар харуулсанаар хоёр өөр судалгааны үр дүн болгох боломжтой гэдгийг хялбархан харж болохоор байна. Өөрөөр хэлбэл өмнөх мэдлэгтээ тулгуурлан дүрсэлж байна.

Эндээс авч үзэж буй асуудал нь ямар учраас хоёр хэмжээст хүснэгтэд бүртгэж байгаа нь тодорхой харагдаж байна.

VIII анги

Хөтөлбөрийн агуулгад тусгагдсан  “Хэмжигдэхүүн оролцсон төрөл бүрийн агуулгатай асуудал шийдвэрлэх, шулуун призмийн ирмэг, цилиндрийн өндөр, гадаргуун талбай, эзлэхүүний хэмжээг тооцоолох” агуулгаар “Бөгжний эзлэхүүнийг олох” хичээлийг сонгон авлаа.

Асуудлыг дэвшүүлэн тавьсан хэлбэр:

Энгийн, амьдрал ахуйгаас урган гарсан.

“Алтан бөгжний эзлэхүүнийг хэрхэн олох вэ?”

Математик загварт оруулж, таамаглал дэвшүүлсэн нь:

Эзлэхүүнийг олохын тулд ус руу хийдэг Архимедын загвараар математик загварт оруулжээ. Түрсэн усны хэмжээ усанд хийсэн биетийн эзлэхүүнтэй тэнцүү. Энэ сурагчдад сонирхолтой байх боломжтой гэж үзэж байна.

IX анги

Хөтөлбөрийн агуулгад шинээр тусгагдсан  “Статистик диаграмм байгуулах, цэгэн диаграмм, түүний хандлагын шулуун байгуулах” агуулгаар “Хамгийн сайн тохирох шулууныг тогтоох” хичээлийг сонгон авлаа. Энэхүү хичээл нь дасгал ажлын заавар төдийгүй хандлагын шулууныг хэрхэн тогтоодогийг дэлгэрэнгүй тайлбарласан хичээл болж байна. Дасгал бүрийн хувьд хандлагын шулууныг хэрхэн татаж байгааг харуулсан нь интерактив хичээлийн давуу тал болж байна.

Энэ агуулгатай холбоотойгоор “Шулууны хандлагыг тайлбарлах” хичээлийг авч үзлээ. Статистик таамаглал дэвшүүлэх, батлах, няцаах зэрэг нь манай багш сурагчдад төдийлөн танил биш агуулгууд юм.

Дэвшүүлсэн асуудал:

 “Хандлагын шулуун татжээ. Өнцгийн коэффициент нь ямар утгыг илэрхийлэх вэ?”

Ерөнхийдөө статистик асуудлууд нь амьдралаас гарч ирсэн байдгаараа сонирхолтой юм.

Таамаглал дэвшүүлэх

“Хичээл давтах хугацаа нэмэгдэх бүрд оноо хэдээр нэмэгдэх боломжтой байна вэ” гэх мэт. Хандлагын шулууныг тайлбарласнаар статистик таамаглалуудыг баталж, эсвэл няцааж байна.

Дүгнэлт гаргах:

Хувилбарт дүгнэлтүүдийг шалгаж үзээд зөв хариултаа тодорхойлж байна.

Энэ хичээл нь дасгал ажил ажиллах заавар болохоос гадна, хандлагын шулуун гэж юу болох, ямар утга санааг агуулж байгааг маш дэлгэрэнгүй тайлбарлажээ.

 Дүгнэлт ба хэлэлцүүлэг

 Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшүүлэх “Хан Академи”-ийн видео хичээлүүд нь Боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болж байна. Мөн ихэнх хичээлүүд нь амьдрал ахуйн асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлэх замаар хийгдсэн нь сурагчдын сонирхлыг татах, бие даан суралцах идэвхийг нэмэгдүүлэх, цаашид суралцах сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байна. Монгол хэлнээ орчуулагдан гарсан видео хичээлүүдийн агуулга ЕБС-ын математикийн хичээлийн агуулгатай 95% тохирч байгаагаараа сурагчид яг өнөөдрийн хичээлээр үзсэн агуулгаа давтах, дэлгэрүүлэн судлах боломж олгож байна.

Анги бүрийн сурагчдын эзэмшвэл зохих суралцахуйн зорилтын тодорхой хувийг хамарч байгаа нь монгол хэлнээ хөрвүүлэх энэхүү ажид бүрэн дуусахад агуулгын тохироц ямар байхыг дахин судлах шаардлагатай гэдгийг харуулж байна.

“Хан Академи”-ийн онлайн сургалт бүрэн орчуулагдаж, монгол хэл дээр ашиглагдах боломжтой болсноор цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй шалгуур болох боломжтой гэж үзэж байна.

Ашигласан ном, хэвлэл

  1. СУУРЬ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР, 2015 он
  2. Түвшинжаргал.Д, Батболд.Ж, Даваасүрэн.Д, Чойсүрэн.Э, Батчимэг.Т, Баянбилэг.Н, ... Ариунтунгалаг.Б,  (2015)  Математик VI
  3. Баянбилэг.Н, Түвшинжаргал.Д, Батболд.Ж, Даваасүрэн.Д, Батчимэг.Т, Чойсүрэн.Э, ... Ариунтунгалаг.Б,   (2015) Математик VII
  4. Батчимэг.Т, Түвшинжаргал.Д, Батболд.Ж, Даваасүрэн.Д, Чойсүрэн.Э, Баянбилэг.Н, ... Ариунтунгалаг.Б,     (2015) Математик VIII
  5. Батболд.Ж, Түвшинжаргал.Д, Баянбилэг.Н, Батчимэг.Т, Равданжамц.Б, Даваасүрэн.Д, ... Ариунтунгалаг.Б,     (2015) Математик IX