Нийтлэл

Нэг. Өнөөгийн нөхцөл байдал

1.1.        Олон улсын хэмжээнд

2016 оны “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн хүрээнд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалах талаар дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.[1]

Ийнхүү цагдан хянах, хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах шаардлага нэмэгдэж байгааг олон улсын байгууллагууд, хүний эрхийн тусгай илтгэгчид анхааруулсан байдаг. Тухайлбал, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжих, хамгаалах асуудлаарх НҮБ-ын тусгай илтгэгчийн 2015 оны тайланд “сэтгүүлч, судлаач, хуульчид болон иргэний нийгмийн төлөөлөл мөрдөн тагналт, дарамтаас өөрсдийгөө болон тэдгээрийн эх сурвалж, үйлчлүүлэгч, түншүүдээ хамгаалах зайлшгүй хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Тэдний хувьд энэ нөхцөл байдалд нэрээ нууцлах, мэдээллийн нууцлалыг хангах буюу шифрлэх боломжид найдах цаг болжээ” гэж тэмдэглэсэн байна.[2]

Мөн үүнээс өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 онд “Цахим орчинд халдашгүй байх эрхийг хэрэгжүүлэх” талаарх тогтоол баталж, түүгээр бүх улс орныг “... Цахим харилцаанд халдашгүй байх эрхийг хүндэтгэн хамгаалах, энэ эрхийг зөрчих явдлыг зогсоох шаардлагатай арга хэмжээ авах, дотоодын холбогдох хууль тогтоомжийг олон улсын хүний эрхийн гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нийцүүлэн уялдуулах, хэрэгжүүлэх зэргээр ийм зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх”-ийг уриалсан.[3]

Засгийн газар, түүний зуучлагчийн зүгээс интернетийн контентыг зохицуулах аргууд /вэб сайт, харилцааны хэрэгслийг блоклох/ нь олон улсын хэм хэмжээ буюу “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 17 болон 19 дүгээр зүйлд заасан хэм хэмжээнд нийцэхгүй байна.[4] Энэ нь “зуучлагч” буюу техникийн байгууллага нь контентыг нийтлэхээс өмнөх шатанд контентыг хууль ёсоор хариуцаж байгаатай холбоотой байна.

Хувь хүмүүсийг интернетэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөний хяналт болсоор байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх олон улсын байгууллагуудын зүгээс гүтгэлгийн эрх зүйн асуудал нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлах нөхцөл болохгүй байх, үүний тулд гүтгэлгийг гэмт хэрэгт тооцохгүйгээр иргэний эрх зүйн зөрчилд хамааруулахыг уриалсан байдаг.[5]

Хакдах програм хангамжийг импортлох буюу кибер халдлага үйлдэх замаар хэт мөрдөн тагнах нь цахим орчин дахь хууль ёсны хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж буй өөр нэг аюул болж байна. Цахим харилцаа, и-мэйл дэх шифрлэлт нь террорист халдлагатай холбоотой эсэх талаар засгийн газрын байгууллагууд маргах болж, өөрсдийн үйл ажиллагааг зөвтгөхийг оролдох болов.

Хэт мөрдөн тагнах нь нууцын болон бусад хууль тогтоомжоор нээлттэй, ил тод байдлыг хязгаарлах, улмаар мөрдөн тагнах үйл ажиллагааны “хангалттай үндэслэлтэй”, “зохих хэмжээнд” байх олон улсын стандартыг хэтрүүлэх замаар хэрэгжиж байна.[6] Энэ нь “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үүний дотор мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг хуулиар хязгаарлах агуулгыг “хангалттай үндэслэлгүй”, “зохих хэм хэмжээ агуулаагүй” ямар нэг хуулийн тухай санаа мэт тайлбарлах нь зохимжгүй юм.[7]

Өнөө цагт цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй байх эрхийн баталгаа нь нэрээ нууцлах болон шифр ашиглахтай салшгүй холбоотой болж байна. Халдашгүй байх буюу нууцлах эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэрэгжүүлэх болон сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах урьдчилсан нөхцөл мөн.

1.2.        Монгол Улсын хэмжээнд

“Хил Хязгааргүй Сэтгүүлчид” болон “Фрийдом Хаус” гэсэн олон улсын байгууллагуудын гаргасан 2016 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний байдлын тайлангуудаас Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдлыг харж болох юм.

- 2016.04.20-нд нийтэлсэн “Хил Хязгааргүй Сэтгүүлчид” байгууллагын 180 улсын сэтгүүлчдийн эрх чөлөөний байдлыг хэмждэг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-т 2016 онд Монгол Улс 27.61 гэсэн үзүүлэлтээр 60-р байранд орж “Хэвлэлийн эрх чөлөө эмзэг” гэж үнэлэгдсэн байна.[8] Ингэснээр 2015 оны үзүүлэлтээс 6 байр ухарсан байна. Үүнд хэвлэл мэдээллийн эсрэг шүүхийн хэрэг нэмэгдсэн, вэб сайтуудыг хаах, блоклох нь эрчимтэй нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ.

Энэ индексийг тухайн улсын дараах үзүүлэлтийг ашиглаж гаргадаг: олон ургалч үзэл, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, өөрийн цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, дэд бүтэц, зөрчил.

- “Фрийдом Хаус” байгууллагын 2016 оны Хэвлэлийн эрх чөлөөний тайланд дурдсанаар Монгол Улс олон улсын хэмжээнд 72-р байранд, Ази-Номхон далайн бүс нутагт 17-р байранд тус тус орж хэвлэлийн “хагас эрх чөлөөтэй” улс гэж үнэлэгдсэн байна. Энэ тайланг нийт 23 арга зүйн асуултын хүрээнд “эрх зүйн орчин”, “улс төрийн орчин”, “эдийн засгийн орчин” гэсэн гурван ангилалд хуваан гаргадаг.[9]

Хоёр. Цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

“Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Мөн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой:

а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;

б/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах” гэж заасан.[10]

 

Эндээс хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалахтай холбоотой дараах асуудал тулгарч байна. Үүнд: 

-       Блоклох, шүүлтүүр хэрэглэх, мөрдөн тагнах явдлыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах олон улсын хууль ёсны стандартыг хангаж байгаа эсэхийг хэрхэн баталгаажуулах вэ? Эдгээр арга, хэрэгслийг олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг хэрхэн таних вэ?  

-       Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд харшилсан арга, хэрэгслийн эсрэг ямар хамгаалалт байдаг вэ? зөрчлөөс урьдчилан сэргийлэх ямар арга зам байна вэ? 

-       Өгөгдөл хамгаалах, өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, нэр ашиглахгүй байх, шифрлэх нь цахим орчинд хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн дэмжих вэ?

Энэ нь цахим орчинд “Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх, ил тод байдлыг хангах” болон “Нууцлал, өгөгдөл хамгаалах” асуудлыг тэнцвэрийг хангах ёстойг харуулж байна. Энэ тэнцвэрийг хангахын тулд ЮНЕСКО-гийн боловсруулсан цахим орчинд мэдлэг олгох, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтлах нь зүйтэй юм.[11] Энэ зарчим нь Хүний эрхэд суурилсан, Олон талын оролцоог хангасан байх, Нээлттэй байдлыг хангасан, Хүртээмжтэй байх буюу “ХОНХ” гэгдэх зарчим юм.

Мөн дээр дурдсан зарчмыг баримтлах, хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж”-ийг дагаж мөрдөх нь зүйтэй юм.[12] “Харилцаа холбоог мөрдөн тагнах” гэдэг нь зөвхөн хувийн мэдээллийг өөр этгээд уншихаар хязгаарлагдахгүй бөгөөд бүрэн хэмжээний мониторинг, мэдээллийг дундаас нь олж авах, цуглуулах, дүн шинжилгээ хийх, ашиглах, хадгалах, хөндлөнгөөс оролцох, тухайн этгээдийн өнгөрсөн, одоо, ирээдүйг тодорхойлох буюу түүнд нөлөөлөх мэдээлэл олж авах, хандах үйлдлийг ойлгодог. Энэ нь зарим засгийн газрын тайлбарладаг  “автоматаар буюу хүний оролцоогүйгээр, компьютероор мэдээлэл цуглуулах, мониторинг хийх нь мөрдөн тагналт болохгүй” гэснийг олон улсын эрх зүйн үүднээс үгүйсгэж байгаа юм.[13]

Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд баримтлах хүний эрхийн олон улсын зарчмууд

Зарчмын нэр

Товч утга

1

Хууль зүйн үндэслэлтэй байх

(Legality)

Хувийн нууцтай байх эрхийн аливаа хязгаарлалтыг хуулиар урьдчилан тогтоосон байх ёстой.

2

Хууль ёсны зорилготой байх

(Legitimate Aim)

Ардчилсан нийгэмд зайлшгүй шаардлагатай эрх зүйн тэргүүлэх зэргийн ашиг сонирхолд нийцэхүйц хууль ёсны зорилгод хүрэхийн тулд төрийн эрх бүхий байгууллагаас харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаа явуулахыг гагцхүү хуулиар зөвшөөрнө.

3

Шаардлагатай байх

(Necessity)

Улс оронд харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хууль тогтоомж нь хууль ёсны зорилгод тодорхой, үр дүнтэй хүрэхийн тулд маш нарийн тодорхойлсон, зайлшгүй шаардлагатай хэмжээгээр л мөрдөн тагнах ажиллагааг хязгаарлавал зохино.

4

Нийцэхүйц байх

(Adequacy)

Хуулиар тогтоосон харилцаа холбоог мөрдөн тагнах аливаа ажиллагаа нь тодорхой тогтоосон хууль ёсны зорилгыг бүрэн биелүүлэхэд нийцсэн байвал зохино.

5

Дүйцэхүйц байх

(Proportionality)

Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаа явуулах тухай шийдвэрт нэвтэрсэн мэдээллийн эмзэг мэдрэмжтэй байдал хийгээд хүний эрхийн болон бусад янз бүрийн эрх ашгийг зөрчих эрсдлийг харгалзах ёстой.

6

Эрх мэдэл бүхий шүүхийн байгууллага

(Competent Judicial Authority)

Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаатай холбогдох шийдвэрийг эрх бүхий шүүх эрх мэдлийн хараат бус, шударга байгууллага гаргах ёстой.

7

Зохих ёсны ажиллагаа

(Due Process)

Улс орнуудаас хүний эрхэд халдсан аливаа хууль ёсны үйл ажиллагааг хуулинд сайтар зүйлчилж, тогтвортойгоор дагаж мөрдөн, олон нийтэд нээлттэй байдлыг хангаснаар хүний эрхийг хүндэтгэн сахин хамгаалахыг шаардана.

8

Хэрэглэгчдэд мэдэгдэл өгөх

(User Notification)

Харилцаа холбоо мөрдөн тагнах ажиллагаанд өртөж буй хувь этгээдэд харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагааг зөвшөөрсөн шийдвэрийн талаар давж заалдах гомдол гаргах, эрх зүйн бусад өмгөөлөл эрэлхийлэхэд хангалттай байхуйц хугацаанд мэдэгдэх шаардлагатай.

9

Ил тод байдал

(Transparency)

Улс орнууд харилцаа холбоог мөрдөн тагнах тухай хуулийн хамрах хүрээ болон хэрэглээ, журам, үйл ажиллагаа, эрх мэдэл буюу эрх бүхий байгууллагын асуудлаар ил тод байх үүрэгтэй.

10

Олон нийтийн хяналт

(Public Oversight)

Улс орнууд нь харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг хангах зорилгоор хяналтын хараат бус механизм бий болгох шаардлагатай.

11

Харилцаа холбоо, сүлжээний халдашгүй бүрэн бүтэн байдал

(Integrity of Communications and Systems)

Улс орнууд нь үйлчилгээ үзүүлэгчид, техникийн болон программ хангамжийн борлуулагчдыг сүлжээндээ мөрдөн тагнах ажиллагаа буюу мониторинг хийх чадавхийг бий болгох, эсвэл төрийн харилцаа холбоог мөрдөн тагнах зорилгоор тодорхой мэдээллийг цуглуулах, хадгалахыг албадах ёсгүй.

12

Олон улсын хамтын ажиллагааны баталгаа

(Safeguards for International Cooperation)

Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон улс орнуудын байгуулж буй бусад гэрээ хэлэлцээрүүд нь нэгээс дээш улсын хууль тогтоомж нь харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд нийцэх, хувь хүмүүст өндөр хэмжээний хамгаалалт өгсөн мөрдөгдөж буй хэм хэмжээг ашиглавал зохино.

13

Хууль бус хандалтын эсрэг баталгаа ба эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалт авах эрх

(Safeguards Against Illegitimate Access)

Улс орнууд төрийн болон хувь этгээдийн зүгээс хууль бусаар харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагааг гэмт хэрэгт тооцсон хууль тогтоомжтой болсон байх үүрэгтэй.

 

Энд дурдсан харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд баримтлах хүний эрхийн олон улсын зарчмуудтай адил агуулга бүхий дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандсан нээлттэй захидлыг 2016 оны 1 дүгээр сард дэлхийн 42 орны 200 гаруй мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, сэтгүүлч, хэвлэлийн эрх чөлөөний идэвхтнүүдийн зүгээс бичсэн байдаг. Энэ захидалд цахим эрин дэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхэд зайлшгүй шаардлагатай хувийн нууц, аюулгүй байдлыг баталгаажуулалт буюу шифрлэлтийн эсрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилжээ.[14] Энэ захидалд дараах асуудлыг хөндсөн байна. Үүнд:

- Төр, засгийн зүгээс хэрэглэгчийн аливаа төрлийн шифрт хандах хандалтыг хаах, хязгаарлах, мөн шифрийг ангилал, төрөл хэлбэрийн дагуу боловсруулан гүйцэтгэх, ашиглахыг хориглох ёсгүй;

- Төр, засгийн зүгээс тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээнд зөвшөөрөлгүй халдах техникийн шийдэл бүтээх, түүнийг гүйцэтгэх, мөн түүнчлэн эмзэг сул байдал үүсгэхүйц шийдвэр гаргах ёсгүй; 

- Төр, засгийн зүгээс гуравдагч этгээдийн хандалтаас шифрлээгүй өгөгдөлд халдах, шифрийн түлхүүр тайлах тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээг бий болгох, дэлгэрүүлэхийг шаардах ёсгүй;

- Төр, засгийн зүгээс шифрлэх хэм хэмжээг сааруулах, мэдээллийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд хангахаас бусад тохиолдолд шифрлэх хэм хэмжээг тогтооход зориудаар нөлөөлөхийг оролдохоос зайлсхийвэл зохино. Аль ч засгийн газар шифрийн эрсдэлтэй алгоритм, хэм хэмжээ бий болгох, тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэх ёсгүй.

- Төр, засгийн зүгээс аливаа аж ахуйн нэгжийг ямарваа нэгэн гэрээний дагуу дээр дурдсан зарчмуудад харшлах үйл ажиллагаа явуулахыг шаардах, үүнд татан оролцуулах ёсгүй.

Иймд хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахаас хамгаалахын тулд дор дурдсан үйл ажиллагааг бүх түвшинд хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Үүнд:

-       Сэтгүүлч, олон нийтийн хувьд нэргүйгээр буюу нэрээ нууцлан мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх, эрх чөлөөг технологийн арга, хэрэгслээр бэхжүүлэх. Үүний тулд мэдээллийг шифрлэх технологи, хэрэгслийг өргөн хүрээнд, тогтмол ашиглах замаар цахим харилцааны аюулгүй байдлыг хангах.

-       Төрийн байгууллага, албан тушаалтны хувьд цахим орчинд мэдээлэл олж авах эрх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт бий болгох. Үүний тулд “терроризмтой тэмцэх”, “үндэсний аюулгүй байдлыг хангах” хүрээнд хууль бус, хангалтгүй буюу зохих үндэслэлгүйгээр хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, хэт мөрдөн тагнахгүй байх, мэдээллийг шифрлэх технологийг ямар нэг байдлаар хязгаарлахгүй байх.

-       Хувийн хэвшил, технологийн компаниуд шифрлэх, нэрээ нууцлах эрхийг хязгаарлахтай холбоотой өөрийн бодлогыг өөрчилж,  бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгчийн нууцлалыг чанд хангах замаар хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах. 



[1] Concept Note: Access to Information and Fundamental Freedoms This Is Your Right! World Press Freedom Day 3 May 2016 http://www.unesco.org/new/fileadmin/MULTIMEDIA/HQ/CI/CI/pdf/WPFD/WPFD2016_Concept-Note.pdf

Agenda, World Press Freedom Day in Helsinki on May 3rd 2016, Plenary 1: Protecting your rights: Surveillance Overreach, Data Protection, and Online Censorship. p.9 http://www.unesco.org/new/fileadmin/MULTIMEDIA/HQ/CI/CI/pdf/WPFD/Agenda_WPFD2016_Full_Online.pdf

Protecting Press Freedom from censorship and Surveillance Overreach. World Press Freedom Day-3 May. 2016.04.22 https://www.facebook.com/notes/world-press-freedom-day-3-may/protecting-press-freedom-from-censorship-and-surveillance-overreach/1005552352813635

[2] 2015 Report of the Special Rapporteur on the promotion and protection of the right to freedom of opinion and expression A/HRC/29/32 http://www.ohchr.org/EN/HRBodies/HRC/RegularSessions/Session29/Documents/A.HRC.29.32_AEV.doc.  

[3] The Right to Privacy in the Digital Age http://www.ohchr.org/EN/Issues/DigitalAge/Pages/DigitalAgeIndex.aspx

Resolution adopted by the General Assembly on 18 December 2013 68/167. The right to privacy in the digital age http://www.un.org/ga/search/view_doc.asp?symbol=A/RES/68/167

[4] 17 дугаар зүйл

1.  Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. 

2. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй.

19 дүгээр зүйл

1. Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.

2. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.        

3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой:

   а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх;

   б/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах.

[5] Joint Declarations of the representatives of intergovernmental bodies to protect free media and expression. Ed. by Adeline Hulin. - Vienna: OSCE Representative on Freedom of the Media, 2013. p.22-23. http://www.osce.org/fom/99558?download=true

[6] Protecting Press Freedom from censorship and Surveillance Overreach. World Press Freedom Day-3 May. 2016.04.22 https://www.facebook.com/notes/world-press-freedom-day-3-may/protecting-press-freedom-from-censorship-and-surveillance-overreach/1005552352813635

[7] Necessary and Proportionate: International Principles on the Application of Human Rights to Communications Surveillance with Background and Supporting International Legal Analysis. Published by the Electronic Frontier Foundation. 2015

[10] International Covenant on Civil and Political Rights /Adopted and opened for signature, ratification and accession by General Assembly resolution 2200A (XXI) of 16 December 1966 entry into force 23 March 1976, in accordance with Article 49/ http://www.ohchr.org/en/professionalinterest/pages/ccpr.aspx

[11] “ROAM”: human Rights, Openness, Accessibility and Multi‐stakeholder participation.

“Keystones to foster inclusive Knowledge Societies: Access to information and knowledge, Freedom of Expression, Privacy, and Ethics on a Global Internet”. Final study. Published in 2015 by the United Nations Educational, Scientific and Cultural Organization 7, place de Fontenoy, 75352 Paris 07 SP, France p.17 http://unesdoc.unesco.org/images/0023/002325/232563E.pdf

[12] Universal Implementation Guide for the International Principles on the Application of Human Rights to Communications Surveillance. A Product of ACCESS. May 2015. Accessnow.org  https://en.necessaryandproportionate.org/files/2016/04/01/implementation_guide_international_principles_2015.pdf

Access байгууллагаас эрхлэн гаргасан “Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж”-ийн монгол хэл дээрх орчуулгыг Глоб интернэшнл төвийн цахим хуудсаас бүтнээр нь үзэх боломжтой. http://globeinter.org.mn/images/upld/universalimplementationguidebyaccessmon.pdf

[13] Necessary and Proportionate: International Principles on the Application of Human Rights to Communications Surveillance with Background and Supporting International Legal Analysis. Published by the Electronic Frontier Foundation. 2015. p.21-22

[14] An Open Letter to the Leaders of The World’s Governments Signed by Organizations, Companies, and Individuals: https://www.securetheinternet.org/