Нийтлэл

БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан, БМДИ, Боловсролын хүрээлэн, МУИС болон МУБИС хамтран 2016 оны 1 дүгээр сарын 14ний өдөр НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг хуралд ЕБС-иудын багш нар, боловсрол судлалын чиглэлээр ажиллаж байгаа багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, судлаачид, Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймгуудын багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулиудын бакалавр, магистрант, докторантууд оролцож Хан Академи, Геогебра, Гүүгэл сургалтын багц болон бусад нээлттэй хэрэглэгдэхүүнүүдийг сургалтанд ашиглах арга зvй, хэрэглээ сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний хуралд урьдчилсан шатанд шалгарсан 14 илтгэл оролцсоноос МУБИСийн МБУСийн багш Б.Золзаяа, Б.Бадамсүрэн, Ц.Гэрэлтуяа нарын “Хан Академийн видео хичээлийг ЕБСийн сургалтанд хэрэглэх боломж, туршилт” илтгэл тэргүүн байрт шалгарлаа. Хоёрдугаар байранд МУИСийн ШУСийн багш Ц.Навчаа Л.Янжинлхам, С.Мягмарлхам нарын “Геогебра программаар математикийн хичээлийн хэрэглэгдэхүүн хэрэглэхдээ ГеогебрТубе ашиглах нь” илтгэл, Орчлон ОУСийн багш А.Хишигнямын “Математикийн сургалтыг илүү үр дүнтэй болгох нэгэн боломж” илтгэл, гуравдугаар байранд Математикийн цаг сонины ажилтан, Т.Батчимэгийн “Хан Академийн видео хичээлүүд шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг болох нь” илтгэл, МУБИСийн МБУСийн багш Э.Чойсүрэнгийн “Геогебра программ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж туршсан судалгааны үр дүн” илтгэл, Дархан-Уул аймгийн ХААИС-ийн багш П.Мэнд-Амгалан, М.Хуанган, Д.Эрдэнэсувд нарын “Технологийн дэвшлийг ашиглан сургалтыг үр дүнтэй явуулах туршлагаас” илтгэл тус тус шалгарав.

ЭШХ-ын үнэлгээний комисст БМДИийн Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн, Боловсролын Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтох, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа, МУБИСийн Мэдээлэл Зүйн тэнхимийн эрхлэгч Д.Цэдэвсүрэн, МУИС, ШУС-ийн Сургалтын албаны эрхлэгч А.Амарзаяа, МУИС, ШУС-ийн багш Д.Түмэнбаяр нар оролцож, илтгэгчдийг шинэлэг санаа, аргазүй, ач холбогдол, илтгэсэн байдал гэсэн үзүүлэлтээр шалгарууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүдэд нээлттэй эхүүдийг сургалтанд амжилттай ашиглаж байгаа олон жишээ, судалгаа дурдагдсаныг тоймлон хүргэе.

2015-2016 оны хичээлийн жилээс шинэ зорилготой, шинэ арга зүйд тулгуурласан Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр агуулгын зөрөө гарах, арга зүйн хувьд өөрчлөлт хийх зэрэг тодорхой цаг хугацаа бэлтгэл шаардлагатай хүндрэлүүд гарч байгааг илтгэгч багш нар онцлоод, багш нар сургалтын шинэ арга барил, хандлагаас хоцролгүй сургалтандаа ашиглаж байгааг дурдаад Нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багшийн сургалтын видео хичээлийн сан, нээлттэй сургалтын онлайн системийг бий болгох зорилгоор АНУ-ын Хан Академийн видео хичээлүүд нь хүндрэлийг хялбар шийдэх сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болох талаар судалгааг хийснээ танилцууллаа.

БСШУЯ-аас санаачлан Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас хэрэгжүүлж буй Хан Академийн нээлттэй видео хичээлүүд боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал хэрэгцээтэй сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болж чадаж байна. Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Монгол хэл дээр орчуулан бэлтгэсэн математикийн видео хичээлүүдийн 52% нь суурь боловсролын агуулгад хамаарч тохирч байгаа ба 95% агуулгын хувьд тохирч байгаа нь өдөр ирэх тусам хэрэгцээ шаардлага нь өөрчлөгдөж байгаа уламжлалт танхимын сургалтын загварыг цахим технологитой хослуулан ашиглах бүрэн боломжтойг харуулж байна.

График: Монгол хэл дээр орчуулагдсан математикийн видео хичээлүүдийн ангилал

Суурь боловсролын математикийн хөтөлбөрийн зорилго нь өгөгдөлтэй ажиллах, асуудал шийдвэрлэх, танин мэдэх арга барил эзэмшүүлэхэд чиглэгддэг. Видео хичээлүүд арга зүйн хувьд цахим хэрэглээнд суурилсан байдал, сурагчдын сонирхлыг татахуйц, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа нь өөрсдийгөө хөгжүүлэх хөшүүрэг болж өгч байна.

2015-2016 оны хичээлийн жилээс мөрдөгдөж буй сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим нь “Мэдлэг бол хүнээс хүнд дамждаггүй, харин хүн өөрийн идэвхтэй бүтээлч үйл ажиллагаагаар бүтээдэг” гэсэн консруктив онолд тулгуурлаж байгаа. Сурагчдын өмнөх мэдлэг чадвар дээр суурилан асуудал дэвшүүлэх замаар шинэ мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх, хамтран дөхүүлэх, чиглүүлэх асуултуудын тусламжтайгаар хамтран шийдвэрлэж, асуудал шийдвэрлэх, танин мэдэх арга барил эзэмшүүлэхийг зорьж байгаа билээ. Шинэ хөтөлбөр, түүний дагуу гарсан сурах бичиг нь онол тайлбарлахаасаа илүүтэй хэрэглээнд суурилсан, сурагчдын бие дааж ажиллах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд   чиглэсэн.   Мөн   багшлахуйн   зарчимд   “…Математикийг бодит  ертөнц,  ахуй  амьдралтай  холбох,  бодит  ертөнц  дэх  асуудлыг  загварчлах математикийн  олон  арга  байдгийг  ойлгуулах,  сурагчдын  мэдээлэл  харилцааны технологийг ашиглах чадварыг хөгжүүлэх…” хэмээн заасан байна.

Хан Академийн хичээлүүдэд амьдрал ахуйтай холбоотой асуулт бодлогууд олон байдаг. Түүнчлэн ердийн нэг онолын тайлбар биш, сурагчидтай энгийн байдлаар амьд харилцаа үүсгэдгээрээ давуу   талтай. Жишээ нь VI ангийн хөтөлбөрт ордог “Хэмжигдэхүүн оролцсон төрөл бүрийн агуулгатай асуудал шийдвэрлэх, шулуун призмийн ирмэг, цилиндрийн өндөр, гадаргуун талбай, эзлэхүүний хэмжээг тооцоолох” агуулгад таарч байгаа “Бөгжний эзлэхүүнийг олох” хичээлд бөгжний эзлэхүүнийг олохдоо ус руу хийдэг Архимедын загварыг математик загварт оруулсан байна. Түрсэн усны хэмжээ усанд хийсэн биетийн эзлэхүүнтэй тэнцүү. Энэ нь сурагчдад сонирхолтой ойлгомжтой байх нь мэдээж.

VI ангийн хөтөлбөрийн   агуулгад   шинээр   тусгагдсан   “Статистик   диаграмм   байгуулах, цэгэн  диаграмм,  түүний  хандлагын  шулуун  байгуулах” агуулгад  “Хамгийн  сайн тохирох  шулууныг  тогтоох”  хичээл тохирдог. Энэ хичээл  нь  дасгал ажлын заавар   төдийгүй   хандлагын   шулууныг   хэрхэн   тогтоодгийг   дэлгэрэнгүй тайлбарласан  хичээл  юм. Дасгал  бүрийн  хувьд  хандлагын  шулууныг хэрхэн татаж байгааг харуулсан нь интерактив хичээлийн давуу тал болж байна. Интерактив байдлаар дасгал ажиллах нь сурагчид бодлогын хариуг тэр дор нь харж, алдсан бол алдаагаа өөрсдөө шалгаж шаардлагатай бол өмнөх хичээлээ нөхөж үздэг.

Агуулгыг өргөтгөн гүнзгийрэх зарчмаар судлах тул аль ч ангийн сурагчид өмнөх   ангийнхаа агуулгыг судлах бүрэн боломж байна.
Хан Академийн монгол хэл дээр орчуулагдан гарсан математикийн хичээлүүдээс цөм хөтөлбөрт шинээр орсон агуулгад орсон хичээлүүд ч байгаа нь багш, сурагч аль алинд хичээлийг хялбар болгож байна.

Цөм хөтөлбөрт шинээр орсон агуулгад тохирч байгаа VI ангийн 30 хичээл, VII ангийн 8 хичээл, VIII ангийн 9 хичээл, XI ангийн 16 хичээл тус тус байна.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүдээс сонирхол татсан өөр нэг илтгэлд сурагчид болон багш болохоор сурч байгаа оюутнуудад нээлттэй, цахим хэрэглэгдэхүүн болох Хан Академийн видео хичээлүүдийг 6-р ангийн математик, мэдээлэл зүйн хичээлийн тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулан туршсан туршилт судалгаа байв. Туршилтын хүрээнд багш нарт зориулсан гарын авлага, жишээ танилцуулгыг ашиглан сургалт зохион байгуулж, фокус ярилцлага хийн, хичээл болон хэрэглэгдэхүүнийг сайжруулах санал авч, судалгааны үр дүн дээр тулгуурлан Хан Академийн видео хичээлийг ашиглах цахим хэрэглэгдэхүүний загвар боловсруулж, танилцуулсан байна. Энэхүү загвар нь МХХТ-ийг  сургалтад  ашиглахын  тулд  цахим  сургалт,  цахим  хэрэглэгдэхүүний талаар  ойлголттой  байж,  цахим  хэрэглэгдэхүүнд  тавигдах  дидактик  шаардлагын дагуу  хэрэглэгдэхүүнээ  боловсруулан  ашиглахад туулгарласан  юм.  Түүнчлэн бэлэн  боловсруулсан  сургалтын  программ  хангамжийг  ашиглан  сургалтандаа ашиглах боломжуудыг МХХТ олгож байна.

Цахим сургалт = МХХТ + сургалт

Цахим сургалт буюу цахим хичээл нь компьютерт суурилсан сургалт, вэбэд суурилсан сургалт, интернэтэд суурилсан сургалт, телевиз,  радиогийн  сургалт,   виртуаль  сургалтыг   агуулсан  сургалтын  нэгэн хэлбэр юм. Эдгээр цахим сургалт төдийгүй танхимд явагдаж буй сургалтад цахим хэрэглэгдэхүүн ашиглаж, сургалтын үйл ажиллагааг дэмжих нь онлайн болон офлайн орчинд ашиглах боломжийг бүрдүүлэх бас нэгэн боломж бий болж байгаа юм.

Иймд Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн зүгээс Хан Академийн цахим хичээлийг сургалтад ашиглах аргачлал боловсруулах, түүнийг цахим хэлбэрт оруулах зорилгоор туршилт хичээл зааж, багш нарын хэрэгцээ шаардлагыг хангахыг зорьж байна.

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ эрдэм шинжилгээний хурлын дүн

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ: ХАН АКАДЕМИ эрдэм шинжилгээний хуралд оролцогсод

Онцлох