Нийтлэл

Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг боловсролын бодлогод тусгаснаар НЭГ зорилготой, мэдлэг чадвартай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, интернэт технологид суурилсан, нээлттэйнасан туршийн боловсрол эзэмших боломжийг бий болгож, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Эдгээр ажлуудыг шат дараатайгаар танилцуулах ажлын эхлэл болгож, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас 2014 оны хичээлийн жилд нээлттэй боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж,  дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай нээлттэй сургалт болох АНУ-ын Хан академийн 500 видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэж, сургалтад хэрхэн ашиглах талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулсан ажлын үр дүнгээ танилцууллаа.  http://mn.khanacademy.org

Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгож, сургалтын хөтөлбөрт  суусан хичээлүүдийг Хан Академийн видео хичээлтэй агуулгын тохироц хийж,  сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн хэлбэрээр дэмжиж өгөх ажлуудыг 2015-2016 оны хичээлийн жилд үргэлжилнэ.

Төрийн ордны Иргэний танхимд болсон уг арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр нар нээж, ИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Бямбацогт, С.Ганбаатар, салбарын яамны удирдлагууд, Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн төлөөлөгчид болон салбарын мэргэжилтнүүд оролцов.

Төслийн үр дүнг танилцуулах ажиллагааг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэв. Тэрээр “Бид дэлхийн түвшинд ажиллаж, дэлхийн түвшний цалин авахын тулд хөдөлмөрийн бүтээмжээ 10 дахин нэмэх шаардлагатайг харж болно. Бүтээмжээ нэмэгдүүлэх арга бол бид нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ажлын орчин үеийн арга барил, технологи нэвтрүүлэх, хүмүүсээ өндөр мэдлэг, чадвартай болгох юм. 3 сая иргэнд тасралтгүй суралцаж, хөгжиж байх насан туршийн боловсролын үндэсний тогтолцоо, боломжоор хангах юм. Ийм тогтолцоо, боломжийг бүрдүүлэгч дэлхий даяар эрчимжиж буй шинэ сэтгэлгээ, шинэ хөдөлгөөний үндэс нь Нээлттэй Мэдлэг, Боловсролын Сангийн санаачлагууд юм. Сургалтын системд байгаа мэдлэгийг суралцахыг хүссэн хүн бүр хүртэх боломжтой нээлттэй байхыг дэмжих нь Монголын төрийн бодлогын тэргүүлэх хэсэг байх бөгөөд УИХ энэ чиглэлд өндөр ач холбогдол өгч, цаашид улам эрчимжүүлэхэд тууштай дэмжих зорилго тавьж байгаа” гэлээ.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ, орчин үеийн техник, технологийн дэвшлээс сургалтын арга хэлбэрийг ангид авч үзэх аргагүй. Тийм ч учраас Монгол Улсын боловсролын системд цахим сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэн ашиглаж байна. 2014 онд “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдад байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим лаборатори бүтээж, нээлттэй эх үүсвэр болгосон. Харин энэ зорилгын  нэг хэсэг  нь  “НЭГ Монгол“ хөтөлбөр юм. Энэ удаад ХАН Академийн 500 видео хичээлийг орчуулан, олон нийтэд хүргэж байгаа бол 2015 оноос онлайн сургалтын системийг монгол хэлээр бүрэн ашиглах, виртуаль ангид суралцах боломжийг бүрдүүлэх ажил үргэлжлэн хийгдэнэ гэлээ.

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан ажлын үр дүнг үнэлж Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн гүйцэтгэх захирал Б.Бурмаа, математикийн багийн ахлагч А.Амарзаяа нарыг  “Хүүхэд бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн бодлогийг хэрэгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрлийг үнэлэн талархалын бичгээр шагналаа. Мөн үйл ажиллагааны үеэр тус Сангийн зүгээс төслийн үйл ажиллагаанд идэвхи санаачилга гарган оролцсон математикийн багийн ахлагч А.Амарзаяа, математикийн багийн гишүүн Ц.Навчаа болон түүхийн багийн ахлагч Н.Нарантуяа нарыг батламж, дурсгалын зүйлээр шагнаж, урамшуулав.

УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Хан Академийн нээлттэй сургалтын видео хичээлүүд бол их ажлын эхний үр дүн. Эдгээр видео хичээлүүд манай багш нарт шинэ санаа өгч, тэднийг нээлттэй боловсрол, нээлттэй мэдлэгийн хөдөлгөөнд дуудан оролцуулах дохио болж байна. Олон мянган багш эрдэмтэд, инженер, мэргэжилтэн, оюутан, сурагчдыг хамарсан том хөдөлгөөн болно бодож байна. Мөн Монгол Улс өөрөө дэлхийн нээлттэй мэдлэгийн санаачлагуудад идэвхтэй оролцож бусадтай мөр зэрэгцэн явах юм.” гэсэн нь төрөөс нээлттэй боловсролын энэ санаачлагуудад өндөр ач холбогдол өгч, монголын багш, сурагчдыг нээлттэй боловсролын давалгаанд нэгдэхийг уриалсан томоохон эхлэл боллоо.

Онцлох