Уламжлалт танхимын сургалтын загвар өнөөгийн бидний өдөр ирэх тусам өөрчлөгдөн буй хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа билээ.Тэгвэл уламжлалт танхимын сургалтын загварыг мэдээлэл боловсруулах үйлийг идэвхтэй байлгахыг шаардаж байгаа дэлхийн боловсролын шинэ чиг хандлагад хэрхэн нийцүүлж болохыг судалж үзэхийг зорьлоо.

Энэ үүднээс 2014 оны 10-р сараас эхлэн  “Хан академи”-ийн математикийн сургалтанд өөрийн хичээл заадаг Орчлон сургуулийн 6, 7-р ангийн 50 гаруй сурагчдыг хамруулан,тэдний сургалтын явцыг хянан,математикийн хичээлтэйгээ холбож ,үр дүнг тооцон үзэхэд уламжлалт танхимын сургалтын сул талыг “Хан академи”-ийн сургалтаар нөхөх боломж байгааг олж харлаа. 

Удиртгал

 21-р зуунд аливаа улс нийгмийн хөгжил дэвшлийг урагш хөдөлгөх гол хүчин зүйлийн нэг бол мэдлэг боловсролоо бие даан байнга дээшлүүлж,түүнийгээ баяжуулах арга,чадвар эзэмшсэн бие хүн байх явдал гэж үзэж байна.

Дэлхийн олон орны боловсролын баримт бичигт “ хүүхдийг суралцахад яаж сургах вэ?” гэсэн асуудлыг тэргүүн зэрэгт тавих боллоо.

Тухайлбал,Франц улсын судлаач С.Лурье “бид сургалтын чанарыг дээшлүүлсэн тухай хэдийд ул үндэстэй ярих вэ ? гэвэл юуны түрүүнд хүүхдэд дамжуулж буй мэдээллийн агуулгыг биш харин сурагч болгонд уг мэдээллийг олж авах,түүнийгээ мэдлэг болгох арга замыг эзэмшүүлэх, эдгээр нь сургалтын чухал асуудлын нэг болсон цагт юм” гэж бичсэн байна.

Иймээс би математикийн сургалтыг сурагчийн суралцах үйлтэй холбон илүү үр дүнтэй болгох ямар боломж байгааг эрэлхийлсэн ажлынхаа үр дүн болох Хан академи-ийн сургалтыг математикийн сургалтын уламжлалт загвартай хослуулан туршсан сургалтын загварыг математикийн багш нарт энэ өгүүллээрээ хүргэхийг хүслээ.

 Сэдвийн судлагдсан байдал

Хан академийг үүсгэн байгуулагч Салман Хан  2007 онд АНУ-ын Сан Франциско орчмын бүс нутгуудад хэрэгжиж байсан Пенинсула гүүр хэмээх зуны хөтөлбөрийн үеэр Хан академи-ийн сургалтыг математикийн сургалтын уламжлалт загвартай хослуулах боломжийг туршиж байсан тухайгаа өөрийн номондоо дурдсан байдаг.

Мөн МУ-ын БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Cан мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр АНУ-ын Хан Академийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын математик, дэлхийн түүх, биологи, анатоми, байгаль ба нийгмийн ухааны онлайн видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулж, багш нарыг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг олгож эхлээд байгаа тул математикийн зарим багш нар туршиж эхэлсэн байж болох боловч одоогоор хэвлэгдэн гарсан материал хараахан алга байна.

1. Арга зүй

Анх 18-р зуунд Прусст манай өнөөгийн танхимын сургалтын гол загвар үүссэн байна.Татварт түшиглэсэн албан ёсны нийтийн боловсролын энэ тогтолцоо нь бүх хүнд боловсрол эзэмшүүлэх хамгийн хэмнэлттэй зам байсан нь тодорхой.Мөн сургуульд сурч байсан ихэнх хүмүүс уншиж бичиж чаддаг,математикийн суурь,шинжлэх ухааны үндсийг мэддэг ,мөн нийгэмд хэрэгцээтэй зарим нэг чадварыг олж авсан байх нь гарцаагүй.Гэвч эдгээр чадвар нь шинэ зуунд хамгийн доод шатны хэрэгцээ шаардлага болж хувирч байна.

Бодит байдал дээр манай уламжлалт танхимын сургалтын загварт тогтмол давтлага,ахин шалгалт нь ерөнхийдөө боломжгүй.Энэ нь тус загвар хуучирсан,бидний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй болсны илрэл юм.Энэ загвар нь сургалтын идэвхгүй хэлбэрт тооцогдох болж,дэлхий даяар мэдээлэл боловсруулах үйлийг улам идэвхтэй байлгахыг шаардаж байна.

Ийм цаг үед ирээдүйн боловсрол ямар байх шаардлагатайг харуулах ядаж ойролцоо ч болов загвар бий эсэхийг сонирхох явцдаа Орчлон олон улсын сургуулийн сургалтын албаны захирал Н.Нарантуяагаас анх Хан академи-ийн талаар мэдээлэл авч багшлах урлагийг мэдээллийг танилцуулах,өгөгдөлд дүн шинжилгээ хийх ухаантай хослуулан хамгийн ойлгомжтой бас хамгаас үр дүнтэй байж болох хөтөлбөрийг хамгийн доод боломжит үнээр хүртээх арга зам болсон Хан академи-тай холбогдсон юм.

Хан академи-ийн сургалтыг математикийн сургалтын уламжлалт загвартай хэрхэн хослуулснаа тайлбарлая.

Хэдийгээр сурагч бүр Хан академи-ийн сургалтанд сайн дураараа бүртгүүлэн хамрагдах боломжтой боловч хосолсон сургалтын хувьд  хамруулах сурагч бүрээ бүлэг үүсгэн багш бүртгэл хийх нь сургалтын явцыг хянах боломжийг багшид олгодог.Бүртгэл хийгдсэний дараа албан ёсоор сургалт эхэлсэн гэж үзэн багшийн чиглүүлэх ажил эхэлнэ.Энэ чиглүүлэх ажил нь дараах зорилготой байдаг.Үүнд:

  1. Танхимын сургалтаар үзсэн мэдлэг ойлголтоо баяжуулах
  2. Ойлгоогүй хичээлээ давтах
  3. Өмнө үзсэнээ сэргээн санах
  4. Мэдлэгийн түвшнээ тогтоох

Сурагч бүр багш чиглүүлсний дагуу өөрт тохирох математикийн курсын бэлэн тавигдсан видео хичээлүүдийг үзэх, сайтад тавигдсан бодлогуудыг бодох зэргээр

уг сургалтад  танхимын бус аргаар суралцана.Сурагчийн сургалтын үйл явцыг багш Хан академи-ийн хариу үйлдлийн ажлын хүснэгтийн тусламжтайгаар хянаж зөвлөх замаар сургалтыг удирдана.Жишээ болгож ажлын хүснэгтийн зарим хувилбарыг харуулья.

Үр дүн

Видео мөн программаараа боловсрол эзэмших арга замыг өөрчилж чадна гэж үзсэн Салман Хан-ы үүсгэн байгуулсан Хан академи-ийн сургалтыг математикийн уламжлалт хөтөлбөрийн оронд бус харин түүний нэмэлтээр ашиглах боломжтой болохыг олж мэдлээ.

Ингэж Хан академи-ийн сургалтыг математикийн сургалтын уламжлалт загвартай хослуулах нь багшийн хувьд:

  • Сурагч бүрийг суралцахуйгаа удирдахад нь чиглүүлэх
  • Сурагч бүрийн хичээл зүтгэлийг үнэлэх
  • Тэдний бие даан суралцаж буй арга барилыг хянах
  • Сурагч бүрийг хувийн онцлогт нь тохируулан ялгаатай хурдтайгаар сургах
  • Багш сурагч бүрд анхаарал хандуулснаар тэдэнд урам өгөх
  • Хөтөлбөрөө баяжуулах

Сурагчийн хувьд:

  • Өөрийн хувийн хэмнэлд тааруулан сурах
  • Өөрийн сурах үйлд хариуцлага хүлээх
  • Суралцахуйгаа өөрөө удирдах
  • Хаана,хэзээ сурахаа шийдэх
  • Хичээл хоорондын холбоо хамаарлыг илүү гүнзгий,илүү баттай ойлгох
  • Тодорхой ойлголтыг хангалттай сайн эзэмшсэн сурагч хараахан ойлгож эзэмшээгүй нэгэндээ туслан дэмжих
  • Ижил зүйл дээр гацчихсан хоёр сурагч хамтран өмнө тулгараад байгаа саадыг даван туулах зэргээр хамтран суралцах давуу талтай болох нь харагдлаа.

Хэлэлцүүлэг

Математикийн сургалтыг илүү үр дүнтэй болгох нэг боломж болох Хан академи-ийн сургалтыг математикийн сургалтын уламжлалт загвартай хослуулсан  сургалтын энэ загварыг дунд сургуулийн математикийн багш нар ашиглаж болох юм.Зөвхөн нэг жил туршсан тул өөр олон давуу талыг судалж мэдээгүй байх талтай.Мөн сул тал  байхыг ч үгүйсгэхгүй.

Дүгнэлт

Ямар нэг шалтгаанаар зарим сурагчдын мэдлэг чадвар дах сургалтын алдаа дутагдал эрт эхэлж,тэр алдаа дутагдлыг засах хүртэл алгебр болон түүнээс цаашихыг эзэмших боломж улам багассаар л эцэстээ “Хоцрогдолтой сурагч” гэсэн нэрэнд дасгахаас өөр дэвшил үгүйгээр багш нар бид дунд сургуулийн математикийн курсыг орхиулж байгаа нь нууц биш юм.

Энэ сул талыг засах нэгэн боломжийг Хан академи гэж үзсэний учир нь сурагчдын алдаа дутагдлыг олж илрүүлчихвэл засаж арилгаж болох бөгөөд бат бөх бус суурийг нь дахин босгосноор хүүхдүүд харьцангуй жигд,түвэггүй шат ахих боломжтой юм.

Бараг бүх сурагчдад нөхөн сэргээлт хэрэгтэй,алдаа дутагдлыг нь олж илрүүлэн засах нь цаг маш ихээр хэмнэж,урт хугацааны турш хадгалагдан үлдэх гүнзгий сурах үйл болон хувирч байдаг.

Сурах явцад хэдхэн хором ч болтугай мэдэхгүй байгаа болон ойлгосон зүйлийнхээ зааг дээр гацах тохиолдол ямар нэг хэмжээгээр байнга гарч байдаг. Иймд сурагчдыг ямар нэг зүйл дээр гацахад түүнийг илрүүлж, энэ гацалтын мэдээллийг багшид хамгийн оновчтойгоор хүргэж байгаа нь Хан академи-ийн нэг чухал давуу тал юм.

Хариу үйлдлийн ажлын хүснэгтийг  ашигласнаар танхимын сургалтын чанар тэр чигээрээ өөрчлөгдөх ба нэг нэгийн харьцаатай харилцан нөлөөллийг дэмжин,хэнд өөрийнх нь анхаарал халамж илүү их шаардлагатай байгааг багшид мэдрүүлснээрээ технологийн хэрэглээ нь анги танхимыг илүү хүмүүнлэг болгож өгч байгаа юм.

 Ашигласан ном, хэвлэл

  1. Ш.Ичинхорлоо. (2011). Сурах арга. Улаанбаатар.
  2. Салман Хан. (2014). Нэг дэлхийн сургууль. Улаанбаатар.
  3. Ч.Пүрэвдорж. (2011). Багшлахуйн менежмент . Улаанбаатар.
  4. МУБИС. (2015). Математик,байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал,шийдэл,арга зам. Улаанбаатар.
  5. www.khanacademy.org
  6. www.one.mn