Блог

Нээлттэй боловсролыг дэлхий даяар амжилттай түгээж буй Хан Академийг үүсгэн байгуулагч Салман Ханы Массачусетсийн Технологийн Их Сургуулийн төгсөлт дээр тавьсан илтгэлийг ‪#‎G20‬ нэвтрүүлгээр дамжуулж таны сонорт хүргэж байна.

 

Cалман Хан: "Би бээр хэн ч, хаанаас ч үнэгүй эзэмшиж болох боловсролын асуудлаар эрчимтэй ажиллаж буй байгууллага болох Хан Академийн үүсгэн байгуулагч бөгөөд бид бүхний заан сургах мөн сурч эзэмших үйл мянган жилд ганц тохиох шийдвэрлэх үе гэж итгэж явдаг. Уламжлалт танхимын сургалтын загвар өнөөгийн бидний өдөр ирэх тусам өөрчлөгдөн буй хэрэгцээ шаардлагад нийцэхээ больжээ. Энэ нь сургалтын идэвхгүй хэлбэрт тооцогдох болов. Гэтэл дэлхий даяар мэдээлэл боловсруулах үйлийг улам идэвхтэй байлгахыг шаардаж байна. Сургалтын уламжлалт загвар нь хүүхдүүдийг насных нь дагуу ангилж бүлэг болгон хуваагаад, бүгдэд таарах нэг хөтөлбөрөөр дагнан, сурагчид явцын дунд ямар нэг юм олж мэдээсэй гэсэн горьдлого найдварт суурилдаг. Энэ арга 100 жилийн өмнө ч хамгийн сайн загвар байсан эсэх нь тодорхойгүй. Харин одоо тийм биш болжээ. Шинэ техник технологи нь сургах, сурах илүү үр дүнтэй арга замыг бий болгох итгэл төрүүлдэг ч дээрээс нь бас эргэлзэх сэтгэл тэр ч бүү хэл заримдаа айдас төрүүлэх ажээ. Хэт их гял цал шинэ технологи хүний нүд хуурсан хэрэглээнээс хэтрэхгүй л байна даа. Сургах хуучин болон шинэ арга барилын хооронд системийн ан цав үүсэн, өдөр ирэх тусам дэлхийн өнцөг булан бүрт буй өч төчнөөн хүүхдүүд тэр ангал руу унасаар байна. Дэлхий урьд өмнө хэзээ ч ийм хурдтай хөгжиж байсангүй. Бүхэлдээ өөрчлөгдчихөөгүй боловч хэрэв ийм зүйл болбол ихэнхдээ буруу тийш хандчих гээд байдаг. Хүүхдүүдийг яаж сургах болон тэд үнэндээ юу сурах хэрэгтэй хоёрын хоорондох зай завсар өдөр бүр, хичээл бүр дээр томорсоор.

Мэдээж энэ бүхнийг ярих хэлэх амархан. Сайн, муу хэмээн өдгөө бүгд л боловсролын талаар ярих болжээ. Улс төрчид илтгэл бүртээ л дурдах юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар нэг хачирхалтай, хангалттай бат бөх бус, цогц стандартад хамааралтай зүйлийн ард хоцрогдоод эсвэл дэлхийн бараг тал хувийг эзлээд байгаа өрсөлдөгчдөө харагдах л төдий болоод байгаад ихээр санаа зовно. Хүүхдүүд илүү их зохион байгуулалттай байх хэрэгтэй юү? Бид хэт их эсвэл хэт бага шалгаад байна уу? Стандарт шалгалт нь тогтвортой сургалтыг үнэлээд байна уу эсвэл зүгээр л шалгалт өгөх ур чадварыг хэмжээд байна уу? Санаачилга, ойлгоод эргэн сэтгэхийг дэмжээд байна уу эсвэл ердөө л хий хоосон зүйлийг ягштал сургаад байна уу?
Томчууд ч өөрөө өөртөө санаа зовох болжээ. Албан ёсны боловсрол гэж үгүй болчихвол бидний сурах нөөц чадвар яах болж байна аа? Залхуу, эмзэг болгохгүйн тулд бид тархиа хэрхэн хөгжүүлэх юм бэ? Шинэ зүйл сурсаар л байх уу? Хаанаас бас яаж?
Боловсролын талаарх энэ бүх хэлэлцүүлэг өнөөгийн энэ өрсөлдөөнт, энд тэндгүй холбогдсон ертөнцөд сурна гэдэг ямар чухал болохыг батлах зөв алхам болох юм..."