Блог

“Хэн ч, хаанаас ч эзэмшиж болох нэг дэлхийн үнэгүй боловсрол”. Энэ бол Хан Академийн зорилго бөгөөд инженер, хөрөнгө оруулалтын сангийн мэргэжилтэн Салман Хан алгебрын хичээлдээ тааруухан байсан үеэл дүүдээ онлайнаар хичээл зааснаар эхэлсэн түүний хүсэл тэмүүлэл дэлхий дахиныг хамарсан үйл явдал болсон билээ.

Хан Академийн олон мянган видео хичээл болон программыг өдгөө сая сая сурагч, эцэг эх, багш нар ашиглаж байна. Мөн сургалтын арга барилыг нь анги танхимдаа үр дүнтэйгээр авч хэрэглэх явдал дэлхий даяар тархан нэмэгдсээр. 

Салман Хан нь Луизианнагийн Метайри хотод, Энэтхэг болон Бангладеш улсаас цагаачлан ирсэн нэгэн гэр бүлд төрж өсчээ. Хан Академийг үүсгэн байгуулахаасаа өмнө хөрөнгө оруулалтын санд шинжээчээр ажилладаг байв. Тэрээр Ораклд инженерээр ажиллаж байсан ба эрсдлийн хөрөнгө оруулалтын байгууллага болон Цахиурт /Силикон/ хөндийг бүтээн байгуулах хэд хэдэн төсөл дээр тус тус ажиллаж байсан. Харвардын Бизнесийн сургуулийн магистрын зэрэг, Массачүсетсийн технологийн их сургуулиас мөн зэрэг хүртсэн нэгэн юм.

Тэрээр номынхоо оршил хэсэгт “Энэ ном дахь бүлэг бүрт Хан Академийн (www. khanacademy.org) хэрхэн гайхамшигтайгаар бүгдэд хүлээн зөвшөөрөгдөж, өргөжин тэлсэн тухай түүхийг өгүүлэх бөгөөд уг амжилт ололт нь бидний амьдарч буй хорвоо дэлхийн талаар бидэнд юу өгүүлэх нь түүнээс илүү чухал юм.

Хан Академиа би энэ нэг дэлхийн сургуулийн виртуал тэлэлт гэж үзэх дуртай. Энэ бол хэний ч өмнө үүд хаалга нь байнга нээлттэй байдаг, багшилдаг төдийгүй сурдаг бүх хүнийг урьдаг, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийж бүтээх урам зоригоор тэтгэдэг тийм л газар юм. Амжилт өөрөө өөрийгөө тодорхойлно. Цорын ганц алдаа бол бууж өгөх. Миний хувьд зааж сургаснаасаа ч илүү ихийг Академиас сурч авсан. Би оюуны баяр баясал, сэргэсэн сониуч зан болон бусдын санаа бодол, бусадтай харилцан холбогдох мэдрэмжээ эргэн олж авсан. Академийн суралцагч бүр, энэ номыг уншсан хүн бүр ингэж хэлэх байсан болов уу гэж найдаж байна” хэмээн бичжээ.

Салман Хан олон шинэчлэгчийн нэгэн адил өдгөө оршин буй таамаглал, боловсролыг тэр төсөөллөөс чөлөөлбөл ямар байх талаар эргэцүүлэн боджээ. Түүний тулгуур санаа нь багш нарыг тогтоосон цаг хуваарийн дагуу, урьдчилан бэлдсэн лекцийг сурагч оюутнууддаа тулган уншдаг уламжлалт хэлбэрээр хичээл заахаас чөлөөлж, хүмүүс хоорондоо бүрэн дүүрэн харилцан нөлөөлөх цаг хугацааг бий болгохыг хүссэн бөгөөд энэ нь түүний амьдралын хүсэл тэмүүлэл нь болжээ. Сурагчдаа дижитал эрин зуунтай холбох талаар сургуулиуд түүнээс зөвлөгөө авч эхлэхийн зэрэгцээ нийгмийн бүх давхаргын ямар ч насны хүмүүс сурах энэ шинэлэг арга замыг ашиглахын тулд Хан Академийн сайт руу хандаж хошуурсаар байна.

“НЭГ дэлхийн сургууль” номонд Сал Хан анх удаа ирээдүйн боловсролын талаарх радикал үзэл бодлоо төдийгүй өөрийн гайхалтай түүхийг танилцуулах болно. Энэхүү номноос та дараах асуултын хариуг мэдэж аваарай.

  • Хоёр зууны тэртээ Прусст боловсруулсан хамгийн доод шатны загвараар багш, сурагчдын аль алиныг хэрхэн хүлж, боосоор ирсэн бэ?
  • Технологи нь танхимын сургалтыг яагаад илүү хүнлэг, багш нарыг илүү чухал болгодог вэ?
  • Яагаад бид сурган хүмүүжүүлэгчдийг бусад нарийн мэргэжилтнүүдийн адил цалинжуулах шаардлагатай вэ?
  • Бид сурахуйн үйл явцдаа хэрхэн бүтээлч сэтгэлгээ, хүмүүний бодит харилцан үйлчлэлийг буцааж авчрах вэ?
  • Яагаад бид ирээдүйн сургалтын талаар өөдрөг үзэл тээх ёстой вэ?

 “НЭГ Дэлхийн Сургууль” ном нь асуудлыг шийдвэрлэх шийдэл гэхээс илүүтэйгээр дэлхий даяар түгэн дэлгэрсэн үнэ төлбөргүй боловсролын уриа төдийгүй Сал Ханы энгийн нэг хувьсгалч сэтгэхүй нь энэхүү биширмээр зорилгод хэрхэн хүрэхэд туслах тайлбар юм.