Блог

Мэдлэгийн үнэ цэн чухалчлагдсан өнөө үед бид ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг төрийн бодлогодоо тодорхой тусгаж, амьдралд хэрэгжүүлснээр нэгдмэл зорилготой, мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай монгол иргэнийг төлөвшүүлнэ. Чанартай боловсролыг зөвхөн танхимын уламжлалт аргаар эзэмших нь хангалтгүй бөгөөд сурагчдыг насаар нь ангилан бүлэглэж, нэгэн хэвийн тогтсон хичээлийг бүгдэд нь зааж, сурсан ч, сураагүй нэгэн зэрэг дараагийн хичэээлд шилждэг дэлхий нийтийн боловсролын тогтолцоо өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй болжээ.

Дэлхийн олон орон нээлттэй боловсрол, бүх нийтэд зориулсан нээлттэй сургалтад тулгуурласан боловсролын системийн шинэчлэл, өөрчлөлтийг өргөнөөр хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэл нь өнөөгийн манай боловсролын тогтолцоог өөрчлөх бус, шинэ үзэл баримтлал, арга барилаар сэлбэж, орчин үеийн сургалтын технологид суурилсан, бүх нийтийн оролцоотой, төр-хувийн хэвшил-олон нийтийн хамтын ажиллагааны нээлттэй талбарыг бий болгоно. Нээлттэй боловсролын тогтолцоонд Blended буюу сургалтын холимог арга хэлбэр ихээхэн дэлгэрч байна. Энэхүү хэлбэр нь заах арга зүйг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын өртөгийг бууруулах ач холбогдолтой. Cудлаачдын дүгнэж буйгаар дээрх холимог cургалтын хэлбэрийг ашигласнаар уламжлалт аргатай харьцуулахад суралцагчийн бие даах чадвар, хувь хүний зохион байгуулалт, бүтээлч сэтгэлгээ сайжирдаг байна. Энэ нь нээлттэй сургалт суралцагчийг бие дааж ажиллахыг илүү шаарддаг онцлогтой нь холбоотой.

Нээлттэй боловсролын олон арга хэлбэрүүд дотроос хүн бүрт тэгш хүртээмжтэй, дэлхий нийтэд асар хурдацтай тархаж, сургалтад өргөнөөр ашиглагдаж байгаа нь АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалт юм. http://mn.khanacademy.org
Энэхүү сургалт нь “Арга замыг нь зөв зааж өгвөл сурахгүй сурагч байхгүй” гэсэн энгийн санаанд суурилан, суралцагсдад мэдлэгийн салбарын ойлголтыг энгийнээр таниулж, түүний учир шалтгааныг ухаарч бодон, бүтээлчээр суралцах арга барил, ойлгосноо амьдралд хэрэглэх бодит ур чадварыг эзэмшүүлж байна. Суралцахуйн үйл нь суралцагчийн хувьд ая таатай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдсэн орчинд явагдвал илүү үр дүнд хүрдэг онцлогийг харгалзаж үзсэн нь Хан Академийн сургалтын арга зүйгээс тодорхой харагддаг. Хан Академийн видео хичээл нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын ачааллыг хөнгөвчилж, сурагчид болон бие даан суралцагсдыг үнэ төлбөргүйгээр мэдлэгээ баяжуулж, шинэчлэн сайжруулж, шинэ мэдлэг бүтээх боломжийг бүрдүүлж байгаа тул  Хан Академийг хэрэглэж буй туршлагаа хуваалцсан багш нарын сайн дурын бүлгэмүүд олноор үүсэж байна.

Европод өрнөсөн соён гэгээрлийн үеэс эхлэн мэдлэггүй байдал, мухар сүсгийн үр дагавар ядууралд хүргэж байгааг ойлгон,  иргэдийн ялангуяа бага насны хүүхдийн боловсролыг анхаарлын төвд авчирсан байдаг. Энэ үеэс хүүхэд насны дотоод мөн чанар, энэ насанд өгөх суурь мэдлэг чухалчлагдаж эхэлсэн ч өнөө үед энэ асуудлыг боловсролын системд цэгцтэй шийдээгүй хэвээр байгаа нь харамсалтай. Хан Академийнхны тодорхойлсончлон хүүхдийн бага ангидаа олж авч чадаагүй, дутуу дулимаг суурь мэдлэг нь анги ахих тусам шүүрэн шанаганы нүхнүүд шиг цоорхой мэдлэгтэй нэгэн болдог аж. Ямар нэг шахалтын дор эзэмшсэн мэдлэг хэзээ ч хүүхдийн ухаанд хоногшдоггүй тул хүүхэд насанд нь мэдлэгийг сонирхолтой хөгжөөнт байдлаар хүргэж, хүүхдийн төрөлх чадварыг нээн илрүүлэх боломжтой хэмээсэн Платоны ишлэлийн үнэ цэн эдүгээд ч алдагдалгүйгээр нээлттэй боловсролын үзэл санаатай яв цав нийцэж байна.

Нээлттэй сургалтын арга зүй нь мэдлэг дамжуулахаас илүүтэйгүүр суралцагсдыг бодоход сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэгийг өөрөөр нь бүтээлгэх арга барилыг чухалчилдаг аж. Э.В.Ильенковын “Сургууль бодоход сургах ёстой” номонд “Хүнд заяасан хосгүй үнэт баялаг болох ухаан, бодох чадварт хэрхэвч гэмтэл учруулж болохгүй. Хүний ухаан, бодох чадварт гэмтэл учруулдаг зүйл бол сургууль хүүхдэд мэдлэгийг бэлнээр нь өгөх явдал юм” хэмээсэн нь санамсаргүй хэлсэн хэрэг биш. Нээлттэй боловсролын сургалтын арга зүйг боловсруулахад суралцагсдын бие даан суралцан мэдлэгээ баяжуулж, “бодоход” сургахад онцгой анхаардаг. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн дэлхийн түүхийн хичээлийн цагт суралцагч дэлхийн түүхэн үйл явдлын шалтгаан үр дагавар, шинж чанар, харилцан хамаарал зэрэг дэлхийн түүхийн талаар цэгцтэй мэдлэгийг авч, эх сурвалжийг ашиглан өөрийн үнэлэлт өгөхөд суралцдаг хэдий ч шалтгаан үр дагаварыг нь гүнзгийрүүлэн судлах, түүхийн сургамжийг ухаарч, эргэцүүлэхэд баталгаатай эх сурвалж бүхий эргэцүүлж “бодох” боломж олгосон, нээлттэй хичээлүүд үр дүнтэй. Манай улсад нээлттэй боловсролын арга зүй шинэ тутам хөгжиж байгаа учир үр дүн, нөлөөллийг нь судлахад эрт хэдий ч хэрэглээний суурь судалгааг олон түвшинд явуулж байна.

Хан Академийн нээлттэй хичээлүүд нь 2015-2016 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн бүтээлчээр суралцах чадвар, сурах арга барилтай, шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин, амьдрал үйлдээ хэрэглэх чадвартай иргэнийг төлөвшүүлэх зорилготой бүхий суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрт нэмэлт хэрэглэгдэхүүн болж, суралцагсдад танхимаас сурсан мэдлэгээ бататган баяжуулж, шинжлэх ухаанч эрэл хайгуул хийхийг  дэмжих сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болж байна. Шинэчилэгдэн боловсрогдож буй ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын заавал судлах, заавал сонгон судлах, сонгон гүнзгийрүүлэх гэсэн 3 төрлийн хичээлүүдээр дараагийн шатны сургуульд элсэхэд чиглэгдсэн судлагдахууныг гүнзгийрүүлэн судлахад Хан Академийн хичээлүүдийн агуулгын тохироцыг шинээр хийх шаардлага гарч ирж байна.

Нээлттэй боловсролын эрх зүйн орчны хувьд тэдгээрийг ашиглах, ишлэх, эх сурвалжийг засварлах, нийтлэх явдалд эрх зүйн шаардлага тавих тохиромжтой хэлбэр нь Оюуны Бүтээлч Хамтын Өмч (C­reative Commons) гэж үздэг. Интернэт орчинд зохиогчийн эрхийг хамгаалах түгээмэл хэрэглэгддэг нөхцөл болж, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэгдэж байгаа энэхүү тогтолцоонд манай улс 2013 оноос Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан (http://www.one.mn) гэрээ хийж,  нэгдэн ажиллаж байна. Оюуны бүтээлч хамтын өмчийн тогтолцоо нь боловсрол, сургалтын хэрэглэгдэхүүнийг түгээх, дахин ашиглахтай холбоотой эрх зүй, техник, нийгмийн шинжтэй нэмэлт ажлыг хөнгөвчилж, үр ашигтай байлгахад чиглэгддэг аж. Энэ утгаараа оюуны бүтээлч хамтын тогтолцоо нь соёл, боловсрол, төр, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлийг түгээх олон улсын стандарт, олон нийтийн өмч болсон аж. Манай улсад Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж, үр дүнгүүд нь гарч эхэллээ.