Блог

Технологид хөтлөгдсөн мэдлэгийн эрин зуун нь хувь хүнээс өндөр түвшний мэдлэг, боловсролыг шаардаж байна. Гэтэл Монгол зэрэг хөгжиж буй орны иргэдийн багагүй хэсэг нь технологийн хандалт, боловсролын хүртээмж, газарзүйн байршил, хэлний чадвар зэргээсээ шалтгаалан дэлхийн түвшний чанартай боловсролыг эзэмших боломжоор хязгаарлагдмал байна. Иймээс сурган хүмүүжүүлэгчдийн хувьд тухайн зорилтот бүлгийн онцлог, нөхцөл байдалд уялдуулан, тэдэнд ямар нэгэн бэрхшээлгүйгээр ахисан түвшний боловсролын агуулгыг эзэмшүүлэх уян хатан сургалтын технологийг хэрэглэх нь чухал байна. Тухайлбал интернэтийн боломж, нөөцийг ашигласан нээлттэй боловсролын тогтолцоог бий болгосноор дэлхийд стандарт хэмээн тооцогдож буй олон туршлагуудыг нэвтрүүлэх боломтой болох юм. Хүн төрөлхтөн насан туршийн боловсролыг эрхэмлэх болсон өнөө үед насанд хүрэгчдийг тасралгүй сургах механизмд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү судалгааны ажлыг хийлээ. МҮҮК (Нийтийг хамарсан нээлттэй онлайн курс) буюу Massive Open Online Course (MOOC) хэлбэрийн сургалт нь бидний судалгааны зорилгыг хэрэгжүүлэх боломжтой технологийн шийдэл байлаа. Судалгааны өгүүллээр насанд хүрэгчдийн сургалтанд нээлттэй боловсролын үүрэг, мөн түүний хэрэгцээг МҮҮК хэлбэрийн онлайн курст хамрагдагчдын оролцоо, сургалтын явц, үр дүнг шинжлэх замаар тодорхойллоо. Мөн энэ төрлийн сургалтын технологийн өмнөх туршлага, судалгаанууд дээр үндэслэн сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор gamification буюу тоглоомжуулах аргын туршилтыг хийлээ.

Удиртгал

Технологийн үсрэнгүй хөгжил нь хүмүүст дэлхийн улс орон хооронд хил хязгааргүй мэт харилцах, хамтран ажиллах боломжийг олгож байна. Энэ хөгжлийн үр дүн нь нийгмийн бүхий л салбарт нөлөөллөө үзүүлж буй нь боловсролын салбарт ч ихээхэн ажиглагдаж байна. Аливаа бие хүн дэлхийн түвшний боловсролтой байхын тулд боловсролыг эзэмших арга барил, мэдээллийг боловсруулах ур чадвар зэргээ үргэлж шинэчилж улмаар өндөр түвшний чанартай боловсролыг эзэмших боломжийг эрэлхийлж байх нь чухал. Аливаа улс орон, тэр тусмаа ардчилсан засаглалтай нийгмийн хувьд иргэддээ эзэмшүүлэх боловсролын хүртээмжийг зохицуулах үүрэгтэй ч энэ нь улс үндэстэн бүрийн удирдлага, тогтолцооноос шалтгаалан харилцан адилгүй байдлаар хэрэгжиж байна. Иймээс засгийн газар болон боловсролын байгууллагуудаас боловсролын технологи, түүний хүртээмж, цаашлаад үр ашиг бүхий дэлхийн түвшний мэдлэгийг хуваалцах арга замуудыг хайсаар, олон төрлийн судалгаа шинжилгээ, туршилт, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсээр байна. Монгол улс ч мөн адил боловсролын чанарыг сайжруулах талаар олон төрлийн бодлогыг хэрэгжүүлж, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг дэмжсээр ирсэн. Энэ том цар хүрээтэй ажилд дэмжлэг болох шалтгаан нь энэхүү судалгааны ажлын нэгээхэн зорилго юм.

Төрөл бүрийн албан бус, интернэтэд суурилсан зэрэг цөөнгүй сувагаар өөрийн сонирхсон сургалт, мэдээллийг хүртэх, мэдлэг ур чадварыг авах боломж нээлттэй байдаг ч үүнийг дагасан бэрхшээлүүд тулгарсаар байна. Тухайлбал улс орнуудын технологийн хөгжлийн ялгаа, иргэдийн түүнийг хэрэглэх нөөц боломж, хэлний боловсрол, мөн боловсролын хүртээмжийн менежментийн сул байдал зэрэг нь иргэдэд уян хатан боловсролын үйл ажиллагаанд хамрагдахад саад болж байна.

Дээр дурдагдсан бэрхшээлүүдийг шийдэх олон төрлийн боловсролын судалгаа, туршилтууд хийгдсээр байгаа ч мөн  л улс орон бүрийн хөгжлийн түвшин, нийгмийн бодлогын чиг баримжаа зэргээсээ шалтгаалан харилцан адилгүй түвшинд хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудын эрдэмтэд, их сургуулиуд, үйлдвэр аж ахуй нэгжүүдийн боловсролын технологиор хийж буй судалгааны хэмжээ, тоо хөгжингүй орнуудтай харьцуулахад маш зөрүүтэй байна. Америк, Европын холбооны орнууд, Канад, Австрали зэрэг улсууд нь энэ чиглэлийн судалгааг олноор нь хийж, тодорхой амжилтад хүрсэн бол Монгол зэрэг орнуудын хувьд хангалгүй түвшинд байгааг харж болно. Эрдэм шинжилгээний томоохон цахим номын сангуудаас орж хайлт хийхэд МҮҮК болон боловсролын технологийн судалгааг маш олноороо хийсэн ч түүний эх сурвалийг авч үзэхэд хөгжиж буй орны эрдэмтэд, байгууллагууд маш цөөн тоогоор бүртгэгдсэн байна.

Жишээ нь “боловсролд тоглоомжуулах технологи/gamification technology in education” гэсэн түлхүүр үгээр Web of Science (Thomson Reuters (United States), n.d.) цахим номын сангаас хайлт хийж, олдсон судалгааны ажлуудыг улс орноор нь ангилж харахад 1-р зураг дахь үр дүнг үзүүлж байна. Эндээс харахад хамгийн бага тооны судалгаа хийгдсэн Хятад, Пакистанаас бусад нь хөгжингүй улс орнууд байна. Үүнээс харахад бидний хувьд хийгдэж буй судалгаануудаа илүү өндөр түвшинд хүргэх, өргөн цар хүрээтэй болгох шаардлага байсаар байна. 

Насан туршийн боловсрол нь дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн тогтвортой хөгжлийн нэг хүчин зүйл болж буй өнөө үед насанд хүрэгчдийн боловсрол, мэргэжил дээшлүүлэлт нь сурган хүмүүжүүлэгчдийн анхаарвал зохих нэг хэсэг юм. Насанд хүрэгчдийн боловсролыг зайнаас эзэмшүүлэх, интернэтэд суурилсан сургалтын технологийн хөгжил сүүлийн үед түгээмэл хэрэгдэж байгаагийн хэрээр түүний чанар, стандартад анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

 Энэхүү судалгаагаар насанд хүрэгчдэд зориулсан бүрэн онлайн хэлбэрийн сургалтын хөгжил, хэрэцээ, боломжийг тодорхойлохыг зорьсон ба энэ чиглэлийн судалгаанд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээлээ. Монгол иргэдийн хувьд дэлхийн томоохон их дээд сургуулиуд, судалгааны байгууллагуудаас зохион байгуулдаг онлайн сургалтуудад тэр бүр түгээмэл хамрагддаггүй нь ажиглалт, хайлтаас харагдаж байна. Тухайлбал Coursera МҮҮК-д суралцагчдын статистик мэдээллийг харъяа улс орноор нь ангилж харахад 2-р зураг дахь үр дүнг харуулж байна (Mamgain, Sharma, & Goyal, 2014). Энд хүн ам ихтэй Энэтхэг, Хятадаас бусад хөгжиж буй орноос оролцогчдийн тоо хараахан их хувийг эзлэхгүй байна. Дээрх төрлийн сургалтад хамрагдахад Англи хэлний чадвар мөн гол бэрхшээлүүдийн нэг болж байна. Иймээс нээлттэй боловсролын хүртээмжийг сайжруулах үүднээс тухайн үндэстний онцлогт тохирсон сургалтын хэлбэрийг хэрэгжүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах хэрэгцээ тулгарч байна. Ингэснээр суралцагч нь ямар нэгэн саадгүйгээр дэвшилтэт технологийг ашиглан суралцах, дэлхийн боловсролоос хуваалцах боломж бүрдэнэ. Интернэтэд суурилсан МҮҮК хэлбэрийн онлайн сургалт нь дээрх хэрэгцээг хангах нэг шийдэл болно. МҮҮК нь зайн боловсрол, нээлттэй боловсрол, виртулаль анги зэрэг ялгаатай ойлголтуудын онцлогийг өөртөө шингэсэн байдаг(Balaji & Sekhar, 2013). 

Энэ судалгааны өгүүллээр насанд хүрэгчдийн сургалтанд нээлттэй боловсролын үүрэг, мөн түүний хэрэгцээг боловсролын шинэлэг технологи болох тоглоомжуулах аргатай хослуулсан МҮҮК хэлбэрийн онлайн курс зохион байгуулах замаар тодорхойлж, сургалтад хамрагдагчдын оролцоо, сургалтын явц, үр дүнг шинжлэх замаар тодорхойллоо. Энэхүү өгүүлэл нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: I хэсэг. Аргазүй, II хэсэг Судалгааны шр дүн, III хэсэг Дүгнэлт хэлэлцүүлгийн хэсэг байдлаар боловсрууллаа

 1. Арга зүй

 1.1 Сургалтын бэлтгэл

Сургалтын зохион байгуулалтын өмнө 2 удаагийн онлайн санал асуулга(Санал асуулга #1, Санал асуулга #2)-ыг явуулсан. Энэ удаагийн зорилтот бүлгээр багш, сурган хүмүүжүүлэгчдийг сонгосон ба насанд хүрэгчдэд зориулсан онлайн сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилгоор эхний санал асуулгыг санамсаргүйгээр сонгогдсон техник мэргэжлийн боловсролын салбар(ТМБС)-ын багш нарын дунд явуулсан. Нийт 87 хариулт бүртгэгдэж,  үр дүнд анализ хийсэн. Энэ санал асуулгаар тодорхойлогдсон сургалтын хэрэгцээнд үндэслэн онлайн курсын ерөнхий агуулга, загвар боловсруулагдсан.  Хоёрдахь санал асуулгаар сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийн үндсэн мэдээллийг авах, мөн тэдгээрийн суурь чадамж, техникийн нөхцөл боломжийг тодорхойлоход чиглэгдсэн.

 1.2 Сургалтын орчин

Танилцуулах долоо хоногийг багтаагаад нийт 3 долоо хоногийн онлайн сургалт загварчлагдсан ба сургалтын бүтэц, гарчиг зэрэг нь суралцагчийн онцлог, техникийн нөхцөл, болон өмнө дурдагдсан сургалтын хэрэгцээний санал асуулга дээр үндэслэн боловсруулагдсан. МҮҮДЛ 2 (Moodle (moodle.org, n.d.) ) системийг сургалт удирдах системээр ашигласан ба суралцагчдад илүү сонирхолтой, харилцан үйлдэлтэй байлгах үүднээс МҮҮДЛ-ийн тоглоомжуулах хэрэгслүүд болох урамшуулал /badges/, гүйцээлтийг хянах хэсэг/completion tracking/, ба прогрессийн шугам /progress bar/ зэрэг шинэлэг технологиудыг анхан шатны түвшинд ашиглалаа. Мөн судалгааны буюу суралцагчийг идэвхжүүлэх (Yousef, Chatti, Schroeder, & Wosnitza, 2014) зорилгоор тоглоомжуулсан сургалтын агуулга, тестийн хэсгийг онлайн сургалтын тодорхой хэсгүүдэд ашиглаж туршлаа.

Судалгааны үр дүнг харьцуулах зорилгоор хяналтын болон туршилтын бүлэг байдлаар 2 бүлэгт хувааж (Бүлэг 1-Хяналтын бүлэг, Бүлэг 2-Туршилтын бүлэг), туршилтын бүлгийн хувьд тоглоомжуулсан агуулга, тестийг ашиглалаа.

 1.3 Сургалтын агуулга

Зорилтот бүлгийн сургалтын хэрэгцээнд тулгуурлан сургалтын агуулгыг багшийн сурган заах аргазүйн чиглэлээр боловсрууллаа. Сургалт нь багшийн ангид болон олон нийтийн өмнө илтгэл тавих ур чадварыг сайжруулахад чиглэлээ. Сургалт нь нийт 2 бүлгийн 12 дэд сэдвийг багтаасан. Сургалтын дэлгэцийг аль болох хэрэглэгчид ойлгомжтой дэлгэцийн(Espada & Rodríguez, 2014) зохион байгуулалттайгаар боловруулахад анхаарсан ба видео хичээл, унших материалууд, өөрийгөө шалгах тест, тоглоомжуулсан агуулга(Vaibhav & Gupta, 2014), шалгалт, дасгал ажил, хэлэлцүүлгийн сэдвүүд зэргийг онлайн сургалтад тохирох хэмжээнд багтаахад анхаарсан. Мөн сургалтын дэмжих хэрэгсэл болох хэрэглэгчийн гарын авлага, зурагт заавар, видео гарын авлага зэргийг боловсруулсан. Суралцагчидтай харилцах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын системийн зэрэгцээ facebook груп үүсгэж, цахим шуудан, системийн харилцах хэрэгслүүдээс гадна ашигласан.

 1.4 Судалгаанд хамрагдсан зорилтот бүлэг 

Бүртгэлийн эхний өдрөөс эхлэн интернэтэд суурилсан сургалтыг сонирхсон, ажлын байран дээрээ мэргэил дээшлүүлэх хүсэлтэй цөөнгүй тооны оролцогчидтой байлаа.

Энэ сургалт нь Монголын ТМБС-ын салбарын багш нарын хувьд энэ төрлийн анхлан зохион байгуулагдаж буй сургалтуудын нэг байлаа. Суралцагчийн хувьд 18-55 насны (3-р зурагт оролцогчдыг насны ангиллаар харуулав), чиглэл чиглэлийн мэргэжил боловсролын зэрэгтэй нийт 63 хэрэглэгч анхлан системд бүртгүүлсэн. Зорилтот бүлэгт мэдээлэл хүргүүлсний үндсэн дээр бүртгэлийн 1 долоо хоногийн хугацаатай хийсэн. Бидний төлөвлөж байснаас илүү тооны хүн сургалтад бүртгүүлсэн нь энэ төрлийн сургалтыг ихээр сонирхож байгаагийн илэрхийлэл юм. Мөн бүртгүүлэгчдийн онлайнаар суралцах туршлага их биш ч энэ сургалт нь үнэгүй, мөн ажлын байран дээр суралцах боломжтой зэрэг нь суралцагчдад идэвхтэй бүртгүүлэх нөхцөл болсон гэж үзэж байна(4-р зураг ба 5-р зургийг харна уу).   

 Онлайн боловсролын хэрэглээг тодорхойлох үүднээс Санал асуулга #1 болон Санал асуулга #2 –т аль алинд нь энэ төрлийн сургалтад хамрагдсан талаарх туршлагыг асуусан ба 4-р зураг ба 5-р зурагт 2 асуулгын үр дүнг харьцуулж харууллаа. Эхний санал асуулгаар нийт бүртгүүлэгчдийн 76,4 % нь энэ талаарх туршлагагүй гэсэн бол хоёрдугаар санал асуулгаар нийт оролцогчдын 82,8% нь огт туршлагагүй хэмээн хариулсан байв.

Сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 68 хүн бүртгүүлсэн. 6-р зурагт оролцогчдын газарзүйн байрлалын мэдээллийг харууллаа.

2. Үр дүн

 2.1 Оролцогчдын идэвх

Уг сургалт нь сайн дурын үндсэн дээр хэрэгжсэн нь оролцогчдын идэвхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Эхний санал асуулгаар зорилтот бүлгийн онлайн хэлбэрийн сургалтад хамрагдах сонирхолыг тодруулахад 100 хувь оролцохоор хариулсан байлаа (7-р зураг).

Мөн тэдгээрийн интернэт ашиглан суралцах техникийн боломж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх аргуудыг тодруулах асуултад 8-р зурагт харуулсан байдлаар хариулсан байлаа.

Дээрх хариултаас харахад нийт хариулагчдын 69.7% нь интернэт ашиглан мэдээлэл олж авдаг гэж хариулсан нь сургалтад хамрагдагчдын хувьд уг онлайн сургалтад хамрагдах боломжтойг харуулж байна.

 2.2       Суралцагчдын оролцоо

МҮҮДЛ системийн статистик мэдээллийн хэрэгсэл нь онлайн суралцагчдын өдөр тутамд системд нэвтэрч буй тоо, давтамжийг хянах боломжийг өгч байлаа. 9-р зураг  ба 10-р зурагт оролцогчдын өдөр дутмын системд нэвтрэн орсон давтамж ба хичээл үзсэн хандалтын тооны харьцуулалтыг эхний 2 долоо хоногийн мэдээллээр харууллаа.

Нийт оролцогдоос өдөрт дунджаар 28% нь системд хандалт хийж байсан ба хичээлийг үзсэн өдрийн дундаж тоо нь 342 удаа байлаа. Эхний долоо хоногт  системтэй танилцуулах, болон нэгдүгээр бүлгийн эхний хичээлийг багтаасан ба хоёрдугаар долоо хоногт хичээлийн нэгдүгээр бүлгийн нийт 6 хичээл заагдсан. Эхний долоо хоног суралцагчийг системтэй танилцуулах зорилготой, мөн суралцагч нь системд ажиллах дадлагыг бүрэн эзэмшээгүй байсан үе тул хандалтын болон хичээл үзсэн тоо нь харьцангуй доогуур үзүүлэлттэй байна гэж дүгнэлээ. Мөн Бямба, ням гаригийн хандалт бага байгаа нь амралтын өдөртэй холбоотой. Харин хоёрдугаар долоо хоногийн хувьд хандалт харьцангуй жигдэрч, хичээлийн оролцоо тогтмол байлаа.

 2.3 Туршилтын ба хяналтын бүлгийн харьцуулалт

Сургалтын туршид оролцогчдын оролцооноос гадна шалгалтын дүн, агуулгыг судалсан байдал, мөн тоглоомжуулах хэсгийн нөлөөлөлд бүлэг тус бүрээр анализ хийж, харьцууллаа. Сургалтын хоёрдугаар долоо хоногт нэг өдрийн хичээлийг тоглоомжуулсан хэлбэрээр туршилтын бүлэгт(Бүлэг 2) ба энгийн хэлбэрээр хяналтын бүлэгт(Бүлэг 1) явуулж, уг долоо хоногийн явцын шалгалтыг мөн 2 өөр хэлбэрээр боловсруулан авлаа. Тухайн ялгаатай агуулгад хандалт болон шалгалтын оролцооны харьцуулалтыг 11-р зурагт харууллаа. 

Бүлэг 2-ийн хувьд хичээл болон шалгалтад Бүлэг 1-ээс илүү идэвхтэй хамрагдсан нь дээрх зургаас харагдаж байна.

Сургалтын төгсгөлд амжилттай суралцсан, 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй оролцогчдод сургалт дүүргэсний Гэрчилгээг олгосон ба бүлэг тус бүрээр Гэрчилгээ авсан суралцагчдын тооны харьцуулалтыг 12-р зурагаас харж болно. Нийт 68 бүртгүүлсэн суралцагчдаас 25 нь Гэрчилгээ авах эрхтэй болсон ба эдний 10 нь Бүлэг 1-д, 15 нь Бүлэг 2-т харъяалагдаж байна.

Өөрөөр хэлбэл Бүлэг 2-ийн хувьд илүү идэвхтэй суралцсан байна.

2.4  Сургалтын үнэлгээ

Сургалтын тоглоомжуулсан хэсгийн нөлөө, цаашид сайжруулах үнэлгээг хийх зорилгоор Бүлэг 2-н оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгааг онлайн хэлбэрээр авлаа.  13-р зураг, 14-р зураг, 15-р зурагт тоглоомжуулах хэсгийн нөлөөллийн талаарх асуултад ирсэн хариултуудыг нэгтгэлээ. 

Сургалтад оролцогчдын хувьд бүгд сурган хүмүүжүүлэгч байсан тул судалгаа, туршилтын үр дүнд үнэлгээ хийхэд тэдний саналыг авах боломжтой байлаа. Иймээс сэтгэл ханамжийн судалгаанд дараах асуултуудыг оролцогчдод тавьж, дүгнэлт хийлээ (16-р зураг  ба 17-р зурагт тоглоомжуулах аргыг сургалтад ашиглах аргазүйн талаар оролцогчдоос асуусан асуултуудын хариултыг нэгтгэж харууллаа). Үүнд: асуултууд нь дараах байдлаар тодорхойлогдсон:

Дүгнэлт ба хэлэлцүүлэг

 МҮҮК хэлбэрийн жижиг хэмжээний онлайн сургалтыг насанд хүрэгчдэд зориулан загварчилж, туршиж үзлээ. Энэ судалгаа нь насанд хүрэгчдэд зориулсан нээллттэй боловсролын хэрэгцээ, шаардлага өндөр байгааг онцолж байна. Тэр тусмаа хөгжиж буй орны хувьд эрдэмтэд, судлаачид нь боловсролын технологийн судалгааг улам эрчимжүүлэх, мөн өөрийн орны иргэдэд дэлхийн боловсролоос хуваалцах боломжийг олгох олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Энэ удаагийн сургалт нь сайн дурын, үнэгүй буюу нээлттэй, суралцагч төвтэй буюу сурч байгаа хүн цагаа өөрөө сонгодог, Монгол хэл дээр гэдгээрээ онцлог байлаа. Сургалтад бүртгүүлсэн нийт 67 оролцогчдын 37% нь амжилттай суралцаж сертификат авсан нь дэлхий дунджаас 22-27%-иар илүү байгаа ба энэ төрлийн сургалт насанд хүрэгчдийн мэргэжил дээшлүүлэх албан бус сургалтын тогтолцоонд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломжтойг харуулж байна гэж судлаач миний зүгээс үзэж байна.

Энэхүү судалгааны ажлаар туршигдсан тоглоомжуулах аргын үр нөлөө нь харьцангуй өндөр байгаа нь одоо хэрэглэгдэж байгаа нөхцлийг боловсролын шинэлэг технологиудаар баяжуулан загварчлах нь сургалтын үр дүнг нэмэгдүүлэх сайн талтайг харуулж байна. Дэлхий дахинд олон тооны эрдэмтэд энэ чиглэлээр судалгаа хийж байгаа ч тэдгээрийн үр дүнг бид жигд хүртэх боломжгүй тул Монголын эрдэмтэд судалгаа шинжилгээг иргэдийнхээ онцлог, боломж, нөхцөлд уялдуулан өндөр түвшинд хийх нь өөрийн орны боловсролын чанарыг сайжруулахад чухал түлхэц үйл ажиллагаа болно(Garamkhand, Murwa, Yun, & Kim, 2014). Цаашид сурган хүмүүжүүлэгчид нийлж өөрийн орны нээлттэй боловсролын тогтолцоог Coursera, EdX, and Udacity зэрэг томоохон системийн түвшинд хүргэх бүрэн боломжтой юм.

 Ашигласан ном, хэвлэл

  •  Balaji, B. S., & Sekhar,  a. C. (2013). The various facets of MOOC. Proceedings of the 2013 IEEE International Conference in MOOC, Innovation and Technology in Education, MITE 2013, 139–142. http://doi.org/10.1109/MITE.2013.6756322
  • Espada, J. P., & Rodríguez, C. C. (2014). Method for analysing the user experience in MOOC platforms, 157–162.
  • Garamkhand, S., Murwa, V., Yun, H., & Kim, Y. S. (2014). The Role of Gamification in Education – A Literature Review. Contemporary Engineering Sciences, 7(29), 1609–1616. Retrieved from http://www.m-hikari.com/ces/ces2014/ces29-32-2014/02surendelegCES29-32-2014.pdf
  • Mamgain, N., Sharma, A., & Goyal, P. (2014). Learner ’ s Perspective on Video-viewing Features Offered by MOOC Providers : Coursera and edX, 331–336.
  • moodle.org. (n.d.). Moodle. Retrieved from https://moodle.org/
  • Thomson Reuters (United States). (n.d.). Web of Science. Retrieved from http://wokinfo.com/
  • Vaibhav, A., & Gupta, P. (2014). Gamification of MOOCs for Increasing User Engagement, 290–295.
  • Yousef, A. M. F., Chatti, M. A., Schroeder, U., & Wosnitza, M. (2014). What Drives a Successful MOOC? An Empirical Examination of Criteria to Assure Design Quality of MOOCs. 2014 IEEE 14th International Conference on Advanced Learning Technologies, 44–48. http://doi.org/10.1109/ICALT.2014.23

Сүрэндэлэгийн Гарамханд

МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн мэргэжилтэн, gamiha2000@yahoo.com