Блог

Эмч хүн өвчтнөө  оношилж байж эм бичдэг шиг багш суралцагчаа таньж байж арга барилаа тааруулах ёстой [1]. Тэгвэл энэ жорыг тааруулах зохицуулах арга нь “бүгдэд хүрэх сургалт” юм. Түүнийг суралцагч нэг бүрийн сурах үйл ажиллагааг дэмжиж хөгжүүлнэ гэж ойлгож болно. Их дээд сургуулийн сургалтанд тулгамдаж байгаа асуудлийн нэг бол академик түвшингөө дордуулахгүйгээр прагматик сургалтыг хөгжүүлэх тухай асуудал юм. Сүүлийн үед оюутан залуучуудын сурах хэв маяг өөрчлөгдөж, технологийн дэвшлийг өдөр тутмын амьдралдаа түлхүү ашиглаж интернэт орчинд ажиллах, сурах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс танхимийн сургалтыг онлайн сургалттай хослуулан явуулах шаардлага бидний өмнө тулгараад байна. Бид сургалтыг үр дүнтэй явуулах зорилгоор Финланд улсын мэргэжилтнүүдийн бүтээсэн Элиадеми зайн сургалтын системийг албан ёсны эрхтэйгээр Монгол хэл дээр орчуулж анх удаа Дархан дахь ХААИС-д нэвтрүүлсэн туршлагаас хуваалцах болно. Элиадеми нь 2013 онд бүтээгдсэн хэдий ч үүлэн технологид суурилсан, хамгийн уян хатан, ашиглахад хялбар тул эдүгээ дэлхийн 160 оронд 31 хэл дээр ашиглагдаж байгаа Моос /нийтэд нээлттэй онлайн сургалт/ сургалтын хамгийн олон хэрэглэгчтэй сургалтын менежментийн систем юм. Монгол улсын хэмжээнд их дээд сургуулиудад ихэвчлэн ашигладаг Мүүдл системтэй харьцуулсан үзүүлэлтүүд таны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

1.      Арга зүй

Бид сургалтыг үр дүнтэй явуулахын тулд суралцагсдын суралцах хэв маягийг судлах, технологийн дэвшлийг ашиглан явуулдаг зайн болон холимог сургалтын хамгийн үр дүнтэй системийн талаар судалгаа хийх, туршиж үзэх, үнэлгээ хийх зорилтуудыг тавин ажилласан. Энэ ажлуудыг харьцуулсан судалгаа, туршилт судалгаа, ажиглалт, асуулга судалгааны аргуудыг ашиглан явуулсан.

2. Үр дүн

Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль нь газар тариалангийн төв бүсэд оршдог сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон бүтэцтэй байгаль орчин, ХАА-н салбарт 1969 оноос хойш мэргэжилтэн бэлтгэж байгаа төрийн өмчийн сургууль юм. ХАА-н болон байгаль орчны салбарын аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар мэргэжилтэн бэлтгэх, урт богино хугацааны сургалт явуулах төдийгүй танхимийн сургалтыг технологийн дэвшлийг ашиглан үр дүнтэй явуулах шаардлага бидэнд өдөр тутам тулгарч байдаг. Иймд бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлсэн болно. Энэ зорилтын хүрээнд бид эхлээд суралцагчдын суралцах хэв маягийг тодорхойлох оролдлого хийсэн. Суралцагчдын сурах хэв маягийн талаар Фелдер (1993), Гарднер (1998), Колб (1976), Вилс (1999), Киндли Ходсон (1999), Оксфорд (1990) нар судалгаа хийж олон бүтээл туурвижээ. Эдгээр эрдэмтэд сурах онцлогийг тухайн суралцагчдын гадаад хэл болон бусад судлагдахууныг мэдлэг болгон эзэмшихдээ ашигладаг өөрсдийнх нь сурах арга зам гэж тайлбарлажээ. Бид судалгаагаа Америкийн эрдэмтэн Ж.М.Рейдийн Англи хэлийг 2 дахь гадаад хэлээ болгон үздэг суралцагчдын гадаад хэл сурах хэв маягийг тодорхойлох асуулгын аргыг ашиглаж явуулав. Гадаад хэл сурах 6 үндсэн хэв маягийг тодорхойлох 40 асуулгыг сургуулийнхаа веб хуудсанд байрлуулан сургуулийнхаа анги хэл судалж буй 380 оюутнаас цахим хэлбэрээр авч Excel data analyze програм ашиглан боловсруулалт хийж үзлээ. Судалгааны дүнг зургаар үзүүлбэл:

 

1-р зураг. Инженерийн мэргэжлийн оюутнуудын Англи хэл сурах хэв маяг

 Дээрх зургаас харахад Инженерийн мэргэжлийн оюутнуудын Англи хэл сурах хэв маяг нь бүлгээр суралцах хэв маяг илт давамгайлсан байх бөгөөд сонсох, оролцооны, мэдрэхүйн болон харааны тогтоолтын суралцах хэв маягууд 60-аас дээш хувьтай байгаа нь янз бүрийн хэв маягаар суралцах чадвартай байгааг харуулж байна. Харин ганцаарчилсан байдлаар сурах хэв маяг 40 хүрэхгүй хувьтай байгааг анхаарч үзэх хэрэгтэй юм.

2-р зураг. Бизнес удирдлагын мэргэжлийн оюутнуудын Англи хэл сурах хэв маяг

 Бизнес удирдлагын мэргэжлийн ангийн оюутнууд бүлгээр ажиллах болон оролцооны аргаар суралцах хэв маяг нь тодорхойлогдсон бөгөөд мөн л ганцаарчилсан байдлаар суралцах дургүй нь харагдаж байна.

3-р зураг. Бизнес удирдлагын мэргэжлийн оюутнуудын Англи хэл сурах хэв маяг

 Гадаад хэлийг зааж сургахад тухайн суралцагчийн сурах хэв маягийг (Learning styles) тодорхойлж, түүнд суралцах аргыг (Learning strategies) хэрхэн уялдуулан эзэмшүүлэх асуудал нь аливаа сургалтын хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг байх ёстой. Багш нарын маань сургалт явуулах арга барил суралцагчдын сурах хэв маягт хэрхэн нийцэж байгааг тодорхойлох зорилгоор авсан санал асуулгад дараах асуулгын хариултын хувь маш өндөр байгаа нь анхаарал татахуйц байлаа.

4-р зураг. Оюутнуудаас багшийн заах аргын талаар авсан санал асуулга

 Санал асуулгад оролцсон 380 оюутны 71% нь багш маань байнга өөрөө хичээлийг тайлбарлаж өгдөг гэсэн хариултад маш сайн нийцэж байна гэсэн хариултыг сонгосон байгаа нь бусад асуулгаас хамгийн өндөр хувьтай байна.

Ингээд бид асуудал юунд оршоод байгааг тодруулах үүднээс гадаад хэлний хичээлүүдийн сургалтын хөтөлбөр, гарын авлага, сурах бичгүүдэд анализ хийж багш нарын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний дүнд гадаад хэлний сургалтын хөтөлбөрүүд дүрэм заахад голлон боловсруулагддаг, дүрмийг багш тайлбарлан ойлгуулахад их цаг зарцуулдаг, оюутан бүртэй тулж ажиллах цаг хомс байдаг, гадаад хэлний сургалтанд ашиглагдаж буй сурах бичиг, гарын авлагууд зарим талаараа Монгол хөрсөнд буудаггүй, амьдралаас хол байдаг, оюутнуудын сонирхолыг татахуйц материал хомс байдгийг тодруулав.

Бид энэ байдлыг шийдвэрлэх гарцуудыг эрэлхийлж технологийн дэвшлийг ашиглан сургалтыг үр дүнтэй явуулах боломжуудын талаар судалж үзэв. Ингээд онлайн сургалтын хэлбэрүүдийг судлахад:

-          Синхрон

-          Асинхрон

-          Холимог төрлүүд байх бөгөөд их дээд сургуулийн сургалтанд холимог

хэлбэрийн сургалт илүү тохиромжтой байхыг тодорхойлов.

Олон улсын сургалтын практикт ашиглагдаж байгаа нийтэд нээлттэй онлайн сургалтын системүүдийг судлавал:

4-р зураг. Нийтэд нээлттэй онлайн сургалтын системүүд

 Дээрх зургаас харахад Элиадеми онлайн сургалтын удирдлагын систем хамгийн сүүлд энэ зах зээлд нэвтэрсэн байна.

 5-р зураг. Нийтэд нээлттэй онлайн сургалтын системүүдийн харьцуулалт

 Дээрх онлайн сургалтын системүүдийн давуу болон сул талуудад харьцуулалт хийж үзэхэд бидний хувьд хамгийн дэвшилтэт систем Элиадеми байсан. Ингээд энэ сургалтын удирдлагын системийг түлхүү судалж үзлээ.

Элиадеми сургалтын удирдлагын системийг Финланд улсын мэргэжилтнүүд боловсруулж 2013 оны 02 сарын 11-нд ОУ-ын боловсролын зах зээлт нийлүүлсэн бөгөөд 1 жил 8 сарын хугацаанд дэлхийн 30 орны хэл дээр хөрвүүлэгдэн ашиглагдаж байгаа бөгөөд хэрэглэхэд хялбар, нүсэр биш систем байлаа. Бид 2014 оны 10 сард Финландын CBTex компанид хэрэглэгч болох хүсэлтээ уламжилж эрх авч системийн орчуулгын ажлаа эхлүүлж Монгол улс 31 дэхь орноор бүртгэгдсэн.

6-р зураг. Дэлхийн хэмжээнд боловсролын системийг үр дүнтэй байдлаар нь гаргасан жагсаалт

Финланд улс боловсролын чанараараа дэлхийд тэргүүлдэг орон гэдгийг дээрх хүснэгтээс харж болно. Элиадеми онлайн сургалтын систем нь боловсролын зах зээлд нэвтрээд удаагүй хэдий ч 1 сая гаруй хэрэглэгчидтэй болсон байна.

Ингээд 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улиралд Ерөнхий англи хэлний хичээл дээр туршсан. Агроэкологи Бизнесийн Сургуулийн оюутнууд нийт 10 кредитийн Англи хэлний хичээл судалдаг бөгөөд Ерөнхий англи хэлний 3 кредит хичээлийн 1 кредитийг болон бие даалтын хичээлийг Элиадеми онлайн сургалтын систем ашиглан, үлдсэн хичээлийг танхимийн сургалтаар холимог хэлбэрээр явууллаа. Сургалтанд хамрагдсан оюутнуудаас сургалтын үр дүн, тулгарч байгаа бэрхшээл хүндрэлүүдийн талаар 10 асуулт бүхий асуулга судалгаа явуулж үзвэл:

7-р зураг. Танд Англи хэлний хичээлийн бичих, унших болон бие даан суралцах хэсгийг онлайн хэлбэрээр суралцах хэр таалагдаж байна вэ?

8-р зураг. Таны хувьд интернэт ашиглан хичээлээ судлах боломж хэр байдаг вэ?

9-р зураг. Цаашид Англи хэлний хичээлийг онлайн болон танхимийн сургалтын холимог хэлбэрээр явуулах нь зүйтэй гэж үзэж байна уу?

 Сургалтын явцад ажиглагдсан давуу талууд болон хүндрэл бэрхшээл:

Давуу талууд

Бэрхшээлүүд

-          Танхимийн сургалт сонирхолтой, үр дүнтэй явагдах болсон

-          Оюутнуудын хэл сурах сонирхол дээшилсэн

-          Оюутны мэдлэг чадварыг бодитой үнэлэх боломж сайжирсан

-          Оюутнуудын компьютер дээр ажиллах чадвар, сонирхол дээшилсэн

-          Оюутнуудын компьютер дээр ажиллах чадвар сул

-          Сургуулийн орчинд болон гэртээ интернэт ашиглах боломж нөхцөл хангалтгүй

-          Хугацаатай бие даалтыг цагт нь хийж сураагүй

-          Хөтөлбөр, сурах бичиг гарын авлага шинэчлэх шаардлагатай

-          Багш нарын заах арга зүйн тогтсон хандлагыг өөрчлөх

2015-2016 оны хичээлийн жилд Агроэкологи Бизнесийн Сургууль Элиадеми онлайн сургалтын системийг эчнээ болон магистрийн сургалтандаа ашиглаж одоогоор 47  багшийн 116 хичээл уг системд орсон байна. Мөн интернэтийн хурдыг 2 дахин нэмэгдүүлж, сургуулийн орчинд төдийгүй оюутны байранд утасгүй интернэт орчин бүрдүүллээ. Бид Англи хэлний хичээлийн хөтөлбөрийг онлайн болон танхимийн сургалтын холимог хэлбэрээр боловсруулан хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн батлуулж, Ерөнхий Англи хэлний хичээлийн сурах бичгийг гарган сургалтандаа ашиглаж байна. Элиадеми онлайн сургалтын систем нь нийтэд нээлттэй, үүлэн технологит суурилсан, технологиор боловсролыг ардчилах үзэл баримтлалд тулгуурласан ашиглахад хялбар орчин үеийн дэвшилтэт систем юм.

 

Дүгнэлт

 Их дээд сургуулийн танхимийн сургалтыг онлайн сургалттай хослуулан холимог хэлбэрээр явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Элиадеми онлайн сургалтын системийг Их дээд сургуулиудын сургалтанд ашиглах бүрэн боломжтой юм.

 “Бид дэлхийн боловсролын системийг өөрчлөхийг хүсэж байна. Мэдлэгийг хүмүүст үнэгүй түгээнэ гэдэг бидний бодлоор хамгийн сайн ардчилал”

Элиадеми онлайн сургалтын системийг үүсгэн байгуулагч Сотирис Макриганнис

 Ашигласан ном, хэвлэл

  1. Jim Scrivener. Learning teaching. 2000
  2. Reid.J.M. Learning styles in the ESL/EFL classroom.2002
  3. Richard.M.F. learning and teaching styles in foreign and second language education.2008
  4. Боловсрол судлал сэтгүүл.2014/02(100)
  5.  http://eliademy.com  
  6. www.learningstyle.com
  7. www.businessinsider.com
  8. www.universitas21.com
  9. www.mindflash.com

П.Мэнд-Амгалан, Д.Эрдэнэсувд, М.Хуанган

Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль.