Анхны үр дүн

Би дөнгөж төгссөн шинэхэн багш. Гэсэн хэдий ч өнөөх л самбар, шохой, ирц бүртгэл гээд уламжлалт сургалтын арга барилаа ашигласаар л байлаа. Багш самбар дээр бичээд, хүүхдүүд багшийн заасныг нэг бүрчлэн хуулж аваад хоцордог байж болохгүй. Хүүхэд юунд сонирхолтой байна түүнд нь түшиглэж хүүхэд бүрийг хөгжүүлэх ёстой гэсэн санааг дэмжин ажиллаж эхэлсэн. Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа хүүхдүүдэд хичээлийг сонирхолтой явуулахад самбар шохойноос илүү зүйл хэрэгтэй.

Дунд ангийн математикийн багшийн хувьд сурагчдаа хичээлийн хоцрогдолгүй байлгах дээр илүү ач холбогдол өгч ажилладаг. ЕБС-ийн хичээлийн цаг богино байдаг болохоор 40 минутад 40 хүүхэдтэй ажиллах цаг байхгүй. Дунд анги бол хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ сонгож, суралцах чиглэлээ тодорхойлдог чухал үе юм. Тиймээс сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгож бие даалтад ашиглах материалуудтай байх нь миний хувьд чухал. Номноос унших дуртай хүүхэд байхад техникт сонирхолтой хүүхэд бас байна. Хүүхдийг сонирхолтой зүйлээр нь дамжуулан хөгжүүлэх нь “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье” хөтөлбөрийн зорилго билээ.

Хүүхдүүд технологийн төрөл бүрийн хэрэгсэл ашиглан мэдээллийг янз бүрийн хэлбэрээр авч байна. Харин тэд гар утас, таблет, компьютероо хичээлээ хийхдээ ашиглаж, биеэ дааж хөгжих аргад суралцах ёстой. Цахим орчинд цахим хичээлүүдийг л ашиглана. Харин хамгийн үр дүнтэй, сонирхолтой нь аль нь вэ?

Эрэл хайгуул, туршилтын эцэст Хан Академийн видео хичээлүүдийн заах арга, бүтээсэн байдал зэрэг нь бусад сургалтын сайтуудаас илүү байсан юм. Бага ангийн математикаас эхлээд, алгебр, геометр хүртэл өргөн хүрээг хамарсан цахим хичээлүүд энэ сайтад бий. Хан Академийг сонгосондоо бат итгэлтэй болсон бас нэгэн шалтгаан нь уг сайтыг ЭХ ХЭЛ дээрээ ашиглах болсон явдал юм. http://mn.khanacademy.org сайт нь дан ганц видео хичээлүүд бус үнэлгээний систем бүхий цогц сайт юм. Хичээл ордог ангийнхаа бүх хүүхдүүдийг бүртгэж, Хан Академийн хичээлүүдийг даалгавар, бие даалтад өгч ажиллуулсан нь үр дүн сайтай байна. 

Түүнчлэн сурагчдын хичээлд оролцох идэвх нь нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна. Мөн Хан Академийн өөрийн үнэлгээний систем нь сурагчдыг урамшуулах бас нэг хөшүүрэг болж байна. Хүүхдүүд оноогоо өсгөж, тэмдэг цуглуулж шинэ бүлэгт шилжих нь сурагчдад сонирхолтой төдийгүй өрсөлдөөн өрнөдөг. Багш, сурагчид бидэнд сургалтын шинэ хэрэглэгдэхүүн ашиглах боломжийг олгосон БСШУЯ болон Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хамт олонд баярлалаа.

Өндөрхаан хотын 1-р сургуулийн багш Т.Азжаргал

You need to be a member of K12 Mongolia to add comments!

Join K12 Mongolia