Анхны үр дүн

Амьд биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа, үржил хөгжил, үүсэл тархалтын онцлог болон тэдгээрийг хэрхэн судлах аргыг мэдмээр байвал та Хан Академийн биологийн хичээлүүдийг үзээрэй. https://mn.khanacademy.org/science/biology

Нээлттэй боловсролын арга хэлбэрүүдийн дотроос дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай, АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалтын биологийн хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, эцэг эхчүүд, бие даан суралцагчдад нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэнд биологийн багш хүний хувьд би их баяртай байна. Самбарын өмнө зогссон багшийн ярианаас илүү, техник технологийг сонирхох болсон орчин үеийн хүүхдийн сонирхолд нийцсэн, энгийн ойлгомжтой арга барилаар заасан эдгээр видео хичээлүүдийг сургалтандаа ашиглаж, нэмэлт хэрэглэгдэхүүн болгосноор эхний үр дүнгүүд гарч эхэллээ.

Монгол хэлнээ орчуулсан биологийн хичээлүүдийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгааг нягтлан үзэхэд ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн “Хүний биологи” бүлэг сэдэв, ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн “Ерөнхий биологи” бүлэг сэдвийн агуулгатай зарим хичээлүүд тохирч байсан юм. Иймээс төгсөх ангийн сурагчид биологийн хичээлийн улсын шалгалтандаа бэлтгэхдээ Хан Академийн биологийн видео хичээлүүдийг үзэж судалснаар шалгалтаа амжилттай өгч чадсан. Мөн 12 дугаар ангийн сурагчдад хичээлийн нэмэлт хэрэглэгдэхүүнээр ашиглаж, ЭЕШ өгөх сурагчид бие дааж гэртээ үзэх боломжтой байсан нь багш бидний ажилд дэм тус болсон төдийгүй сурагчдад хичээлээ бие дааж судлах боломжийг олгосон зэрэг олон чухал ач холбогдолтой байлаа.

Мөн эдгээр хичээлүүд нь дан ганц ЕБС-ийн сурагчдын хичээлийн хэрэглэгдэхүүн болохоос гадна биологийн шинжлэх ухааныг сонирхон судлагч, хүний биеийн бүтэц, анотоми, эд эс гээд амьдралд чухал хэрэглэгддэг энгийн ойлголт ухагдахууны талаар таньж мэдэх гэсэн хэн бүхэнд нээлттэйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл биологичид хэрхэн судалгаа, шинжилгээ хийдэг вэ?, амьд биеийн бүтцийн нэгж болсон эс, бичил биесийн ертөнцийн эхлэл микробиологи, амьтан, ургамал зэрэг өргөн хүрээг хамарсан мэдлэгтэй болоход эдгээр хичээлүүд танд тусална.

“Хүлэг” дунд сургуулийн хими, биологийн багш Г.Аюуш

You need to be a member of K12 Mongolia to add comments!

Join K12 Mongolia