Анхны үр дүн

хан академи (2)

Хүний тархи яг булчин шиг, байнга ажиллуулж байж хөгждөг. Зуны амралтаараа Хан Академийн хичээлүүдтэй хамт байж, хүүхдийнхээ тархийг "хөгжүүлцгээгээрэй".

Хан Академийн математик, биологи, дэлхийн түүх зэрэг хичээлүүдийг эх хэлээрээ үзэж судлах боломжтой боллоо. Эдгээр хичээлүүд нь зөвхөн ЕБС-ийн сурагчид төдийгүй оюутан залуус, өөрийн мэдлэгээ дээшлүүлж, сурч боловсрохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. https://mn.khanacademy.org

Тухайлбал, Хан Академийн дэлхийн түүхийн хичээлүүдийг үзсэнээр та эртний ба дундад зууны түүх, соён гэгээрэл ба хувьсгалын үе, сэргэн мандалт ба шашны шинэтгэл, XX зууны түүхийг сонирхолтой арга хэлбэрээр үзэж мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Бид ХХ зууны түүхийг судалж мэдэхгүйгээр өнөө үед дэлхий дахинд болж буй үйл явдлуудыг бүрэн ойлгох боломжгүй юм. Энэ бүлэг сэдвээр үзэх хичээлүүд нь империализмын төгсгөлийг дэлхийн хоёр дайн болон хүйтэн дайны үеийн үйл явдлаар дамжуулан бидэнд танилцуулж, орчин үеийн түүх рүү хөтлөнө.

Хан Академийн Дэлхийн түүхийн нээлттэй хичээлүүд ETV телевизээр зуны амралтаар өдөр бүр дараах хуваарийн дагуу гарах болно.

     Даваа                 18.00 – 18.30

     Мягмар               18.00 – 18.30

     Лхагва                17.30 – 18.00

     Пүрэв                  18.00 – 18.30

     Баасан                18.00 – 18.30

     Бямба                  Давталт

Зуны амралтаараа Хан Академитай хамт, та юуг ч сурч чадна!

Read more…

Миний бие Эрдэнэсувд овогтой Болормаа Хэнтий аймгийн Хэрлэн 4 сургуулийн математикийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. АБТА, тэргүүлэх зэрэгтэй, аймгийн багш нарын ур чадварын уралдааны хошой аварга, аймаг бүсийн зөвлөгөөнд үзүүлэх хичээлийг тогтмол зааж өөрийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлдэг эгэл жирийн мянга мянган багш нарын нэг юм.

Миний хувьд 2005 онд БНСУ-д МХТ-ыг сургалтанд ашиглах чиглэлээр сургалтанд хамрагдаж ирээд өөрийн аймаг, сургуульдаа хэрэгжүүлсэн боловч хэтэрхий амьгүй, багш сурагчийн харилцаа дутмаг гэсэн шүүмжлэл авч байлаа. Үүнээс хойш тасралтгүй хэрэглэж үр дүнг нь тооцон аймгийн эрдэм шинжилгээний бага хуралд дэд байр эзэлж МХТ-ыг хэрэглэж, хичээл сургалтын үйл ажиллагааг явуулах нь зүйтэй хэмээн сайшаагдсан юм. Сурагчдын идэвх сонирхлыг өрнүүлэх, багшийн ажлыг хөнгөвчлөх, багшийн тусламжгүйгээр сурагчид бие даан мэдлэг олж авах, мэдлэг чадвараа бататгах давуу талтай энэ үйл ажиллагааг нэвтрүүлж байгаа Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хамт олонд талархал илэрхийлье.

БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр та бүхний бэлтгэсэн видео хичээлүүдийг сургалтандаа авч ашигладаг бөгөөд сурагчдад гэртээ бие даан судлах, бататгах боломжийг олгож байгаа энэ хичээлүүд хэрэглээнд суурилсан, сурагчдын сонирхлыг татахуйц бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн байхаас гадна багш нарт заах арга зүйн дэмжлэг болох, шинэ санаа авах, өөрийн арга туршлагатайгаа хослуулан нэмэлтээр баяжуулан хэрэглэхэд тохиромжтой байна гэж үздэг.

Та бүхэнд санал хэлэхэд хүүхэд өөрт нь таалагдсан дууг тэвчээртэй, анхааралтай сонсдог болохоос хичээлийн зүйлийг тийм ч сонирхон сонсоод суух нь бага байдаг. Ер нь сонссон зүйл, харсан зүйл хоёрын харсан зүйл нь илүү ой тойнд үлддэг учраас хичээл уншиж байгаа багшийн дуу хоолой, үгийн оновчтой сонголт зэрэгт илүү анхаараарай гэж хүсмээр байна. Та бүхний Монголын багш нарын хөгжил дэвшил, сурагч багачуудын сурах үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хийж буй үйл хэрэг өөдлөн бадрах болтугай.

2016 оны 6-р сарын 24. Хэнтий аймаг, Чингис хот

Read more…