Анхны үр дүн

All Posts (5)

Хүний тархи яг булчин шиг, байнга ажиллуулж байж хөгждөг. Зуны амралтаараа Хан Академийн хичээлүүдтэй хамт байж, хүүхдийнхээ тархийг "хөгжүүлцгээгээрэй".

Хан Академийн математик, биологи, дэлхийн түүх зэрэг хичээлүүдийг эх хэлээрээ үзэж судлах боломжтой боллоо. Эдгээр хичээлүүд нь зөвхөн ЕБС-ийн сурагчид төдийгүй оюутан залуус, өөрийн мэдлэгээ дээшлүүлж, сурч боловсрохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. https://mn.khanacademy.org

Тухайлбал, Хан Академийн дэлхийн түүхийн хичээлүүдийг үзсэнээр та эртний ба дундад зууны түүх, соён гэгээрэл ба хувьсгалын үе, сэргэн мандалт ба шашны шинэтгэл, XX зууны түүхийг сонирхолтой арга хэлбэрээр үзэж мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Бид ХХ зууны түүхийг судалж мэдэхгүйгээр өнөө үед дэлхий дахинд болж буй үйл явдлуудыг бүрэн ойлгох боломжгүй юм. Энэ бүлэг сэдвээр үзэх хичээлүүд нь империализмын төгсгөлийг дэлхийн хоёр дайн болон хүйтэн дайны үеийн үйл явдлаар дамжуулан бидэнд танилцуулж, орчин үеийн түүх рүү хөтлөнө.

Хан Академийн Дэлхийн түүхийн нээлттэй хичээлүүд ETV телевизээр зуны амралтаар өдөр бүр дараах хуваарийн дагуу гарах болно.

     Даваа                 18.00 – 18.30

     Мягмар               18.00 – 18.30

     Лхагва                17.30 – 18.00

     Пүрэв                  18.00 – 18.30

     Баасан                18.00 – 18.30

     Бямба                  Давталт

Зуны амралтаараа Хан Академитай хамт, та юуг ч сурч чадна!

Read more…

Миний бие Эрдэнэсувд овогтой Болормаа Хэнтий аймгийн Хэрлэн 4 сургуулийн математикийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. АБТА, тэргүүлэх зэрэгтэй, аймгийн багш нарын ур чадварын уралдааны хошой аварга, аймаг бүсийн зөвлөгөөнд үзүүлэх хичээлийг тогтмол зааж өөрийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлдэг эгэл жирийн мянга мянган багш нарын нэг юм.

Миний хувьд 2005 онд БНСУ-д МХТ-ыг сургалтанд ашиглах чиглэлээр сургалтанд хамрагдаж ирээд өөрийн аймаг, сургуульдаа хэрэгжүүлсэн боловч хэтэрхий амьгүй, багш сурагчийн харилцаа дутмаг гэсэн шүүмжлэл авч байлаа. Үүнээс хойш тасралтгүй хэрэглэж үр дүнг нь тооцон аймгийн эрдэм шинжилгээний бага хуралд дэд байр эзэлж МХТ-ыг хэрэглэж, хичээл сургалтын үйл ажиллагааг явуулах нь зүйтэй хэмээн сайшаагдсан юм. Сурагчдын идэвх сонирхлыг өрнүүлэх, багшийн ажлыг хөнгөвчлөх, багшийн тусламжгүйгээр сурагчид бие даан мэдлэг олж авах, мэдлэг чадвараа бататгах давуу талтай энэ үйл ажиллагааг нэвтрүүлж байгаа Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хамт олонд талархал илэрхийлье.

БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр та бүхний бэлтгэсэн видео хичээлүүдийг сургалтандаа авч ашигладаг бөгөөд сурагчдад гэртээ бие даан судлах, бататгах боломжийг олгож байгаа энэ хичээлүүд хэрэглээнд суурилсан, сурагчдын сонирхлыг татахуйц бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн байхаас гадна багш нарт заах арга зүйн дэмжлэг болох, шинэ санаа авах, өөрийн арга туршлагатайгаа хослуулан нэмэлтээр баяжуулан хэрэглэхэд тохиромжтой байна гэж үздэг.

Та бүхэнд санал хэлэхэд хүүхэд өөрт нь таалагдсан дууг тэвчээртэй, анхааралтай сонсдог болохоос хичээлийн зүйлийг тийм ч сонирхон сонсоод суух нь бага байдаг. Ер нь сонссон зүйл, харсан зүйл хоёрын харсан зүйл нь илүү ой тойнд үлддэг учраас хичээл уншиж байгаа багшийн дуу хоолой, үгийн оновчтой сонголт зэрэгт илүү анхаараарай гэж хүсмээр байна. Та бүхний Монголын багш нарын хөгжил дэвшил, сурагч багачуудын сурах үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хийж буй үйл хэрэг өөдлөн бадрах болтугай.

2016 оны 6-р сарын 24. Хэнтий аймаг, Чингис хот

Read more…

Амьд биеийн бүтэц, амьдралын үйл ажиллагаа, үржил хөгжил, үүсэл тархалтын онцлог болон тэдгээрийг хэрхэн судлах аргыг мэдмээр байвал та Хан Академийн биологийн хичээлүүдийг үзээрэй. https://mn.khanacademy.org/science/biology

Нээлттэй боловсролын арга хэлбэрүүдийн дотроос дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай, АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалтын биологийн хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, эцэг эхчүүд, бие даан суралцагчдад нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэнд биологийн багш хүний хувьд би их баяртай байна. Самбарын өмнө зогссон багшийн ярианаас илүү, техник технологийг сонирхох болсон орчин үеийн хүүхдийн сонирхолд нийцсэн, энгийн ойлгомжтой арга барилаар заасан эдгээр видео хичээлүүдийг сургалтандаа ашиглаж, нэмэлт хэрэглэгдэхүүн болгосноор эхний үр дүнгүүд гарч эхэллээ.

Монгол хэлнээ орчуулсан биологийн хичээлүүдийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөртэй хэрхэн нийцэж байгааг нягтлан үзэхэд ЕБС-ийн 8, 9 дүгээр ангийн “Хүний биологи” бүлэг сэдэв, ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн “Ерөнхий биологи” бүлэг сэдвийн агуулгатай зарим хичээлүүд тохирч байсан юм. Иймээс төгсөх ангийн сурагчид биологийн хичээлийн улсын шалгалтандаа бэлтгэхдээ Хан Академийн биологийн видео хичээлүүдийг үзэж судалснаар шалгалтаа амжилттай өгч чадсан. Мөн 12 дугаар ангийн сурагчдад хичээлийн нэмэлт хэрэглэгдэхүүнээр ашиглаж, ЭЕШ өгөх сурагчид бие дааж гэртээ үзэх боломжтой байсан нь багш бидний ажилд дэм тус болсон төдийгүй сурагчдад хичээлээ бие дааж судлах боломжийг олгосон зэрэг олон чухал ач холбогдолтой байлаа.

Мөн эдгээр хичээлүүд нь дан ганц ЕБС-ийн сурагчдын хичээлийн хэрэглэгдэхүүн болохоос гадна биологийн шинжлэх ухааныг сонирхон судлагч, хүний биеийн бүтэц, анотоми, эд эс гээд амьдралд чухал хэрэглэгддэг энгийн ойлголт ухагдахууны талаар таньж мэдэх гэсэн хэн бүхэнд нээлттэйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл биологичид хэрхэн судалгаа, шинжилгээ хийдэг вэ?, амьд биеийн бүтцийн нэгж болсон эс, бичил биесийн ертөнцийн эхлэл микробиологи, амьтан, ургамал зэрэг өргөн хүрээг хамарсан мэдлэгтэй болоход эдгээр хичээлүүд танд тусална.

“Хүлэг” дунд сургуулийн хими, биологийн багш Г.Аюуш

Read more…

Би дөнгөж төгссөн шинэхэн багш. Гэсэн хэдий ч өнөөх л самбар, шохой, ирц бүртгэл гээд уламжлалт сургалтын арга барилаа ашигласаар л байлаа. Багш самбар дээр бичээд, хүүхдүүд багшийн заасныг нэг бүрчлэн хуулж аваад хоцордог байж болохгүй. Хүүхэд юунд сонирхолтой байна түүнд нь түшиглэж хүүхэд бүрийг хөгжүүлэх ёстой гэсэн санааг дэмжин ажиллаж эхэлсэн. Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа хүүхдүүдэд хичээлийг сонирхолтой явуулахад самбар шохойноос илүү зүйл хэрэгтэй.

Дунд ангийн математикийн багшийн хувьд сурагчдаа хичээлийн хоцрогдолгүй байлгах дээр илүү ач холбогдол өгч ажилладаг. ЕБС-ийн хичээлийн цаг богино байдаг болохоор 40 минутад 40 хүүхэдтэй ажиллах цаг байхгүй. Дунд анги бол хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ сонгож, суралцах чиглэлээ тодорхойлдог чухал үе юм. Тиймээс сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгож бие даалтад ашиглах материалуудтай байх нь миний хувьд чухал. Номноос унших дуртай хүүхэд байхад техникт сонирхолтой хүүхэд бас байна. Хүүхдийг сонирхолтой зүйлээр нь дамжуулан хөгжүүлэх нь “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье” хөтөлбөрийн зорилго билээ.

Хүүхдүүд технологийн төрөл бүрийн хэрэгсэл ашиглан мэдээллийг янз бүрийн хэлбэрээр авч байна. Харин тэд гар утас, таблет, компьютероо хичээлээ хийхдээ ашиглаж, биеэ дааж хөгжих аргад суралцах ёстой. Цахим орчинд цахим хичээлүүдийг л ашиглана. Харин хамгийн үр дүнтэй, сонирхолтой нь аль нь вэ?

Эрэл хайгуул, туршилтын эцэст Хан Академийн видео хичээлүүдийн заах арга, бүтээсэн байдал зэрэг нь бусад сургалтын сайтуудаас илүү байсан юм. Бага ангийн математикаас эхлээд, алгебр, геометр хүртэл өргөн хүрээг хамарсан цахим хичээлүүд энэ сайтад бий. Хан Академийг сонгосондоо бат итгэлтэй болсон бас нэгэн шалтгаан нь уг сайтыг ЭХ ХЭЛ дээрээ ашиглах болсон явдал юм. http://mn.khanacademy.org сайт нь дан ганц видео хичээлүүд бус үнэлгээний систем бүхий цогц сайт юм. Хичээл ордог ангийнхаа бүх хүүхдүүдийг бүртгэж, Хан Академийн хичээлүүдийг даалгавар, бие даалтад өгч ажиллуулсан нь үр дүн сайтай байна. 

Түүнчлэн сурагчдын хичээлд оролцох идэвх нь нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна. Мөн Хан Академийн өөрийн үнэлгээний систем нь сурагчдыг урамшуулах бас нэг хөшүүрэг болж байна. Хүүхдүүд оноогоо өсгөж, тэмдэг цуглуулж шинэ бүлэгт шилжих нь сурагчдад сонирхолтой төдийгүй өрсөлдөөн өрнөдөг. Багш, сурагчид бидэнд сургалтын шинэ хэрэглэгдэхүүн ашиглах боломжийг олгосон БСШУЯ болон Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн хамт олонд баярлалаа.

Өндөрхаан хотын 1-р сургуулийн багш Т.Азжаргал

Read more…

НҮБ-аас 2015 онд 193 орны оролцоотой баталсан “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн 17 зорилтод Монгол улс нэгдэж, үндэсний хөгжлийнхөө баримт бичигт тусган, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030” боловсруулж, УИХ-аар батлан хэрэгжүүлж байна. Үүнд, “Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ” хэмээх зорилтыг хэрэгжүүлэхэд мэдээлэл харилцаа, холбооны технологийг ашиглан нээлттэй сургалтын арга хэлбэрүүдийг түгээн дэлгэрүүлэх явдал чухал үүрэг гүйцэтгэж байна.

Манай улс сүүлийн жилүүдэд боловсролын салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг төлөвшүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэн, бие даан суралцах чадвартай болгохыг зорьж байна. Өнөө үед хүүхдийн сурч, хөгжих явцыг мэдээллийн технологийн арга хэрэгслээс ангид авч үзэх аргагүй юм. Дэлхий нийтэд эрдэмтэн судлаачид, багш нар, сурагчид, эцэг эхчүүд хамтран суралцан, хөгжиж, интернэтэд суурилсан нээлттэй боловсролын нэг талбар бий болгож байгаа нь насан туршийн тасралтгүй чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж байна. Энэ боломжийг монгол хүүхдүүдэд олгож, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох чухал санаачилгуудын нэг нь нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулж буй явдал юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгож байна. Дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалтыг мэргэжлийн багш нарын оролцоотойгоор монгол хэлнээ орчуулан нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэнд багш, сурагчид бид талархаж байна. http://mn.khanacademy.org

Хан Академийн видео хичээлүүд, нээлттэй сургалтын системийг орчуулсан нь нээлттэй боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж, сургалтад цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах тал дээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг чадавхжуулснаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын ачааллыг хөнгөвчилж, суралцагчдад тохиолдох хүндрэлийг хялбар шийдэх, хоцрогдлоо арилгах сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүнийг бий болголоо. Энэ нь НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн “Бүгдийг хамарсан, нийтлэг, чанартай боловсрол олгох бүх хүмүүсийн амьдралын турш сурах боломжийг дэмжих” зорилт болон, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030” дахь “Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ” зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох юм.

Cургалтын цөм хөтөлбөрийн агуулга болон энэхүү хөтөлбөрийн дагуу бэлтгэгдэн гарсан дэлхийн түүх, математикийн сурах бичгүүдийн агуулгыг Хан Академийн монгол хэлнээ орчуулагдсан видео хичээлийн агуулгатай харьцуулж үзэхэд агуулга, арга зүйн хувьд суурь боловсролын цөм хөтөлбөртэй нийцэж байгаа нь суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшлах, суралцах арга зүйн шинэчлэлд дэмжлэг болж байна. Энэ нь багш бидний ажлын ачааллыг хөнгөвчилж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ сурагчдад бие даан суралцах чадвар дадал суулгаж, өөрийн бүтээлч чадварыг хөгжүүлэх, цагаа үр бүтээлтэй ашиглах зөв дадалд сургаж байна.

Багш: С.Цэцэгмаа

Имэйл: setsen517@yahoo.com

Read more…