Фото сан

Нээлттэй боловсролын НЭГ Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУЯ-ны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас санаачлан бүх ерөнхий боловсролын болон их сургуулиудыг нээлттэй сургууль болгох зорилгоор дэлхий нийтэд өргөнөөр ашиглагддаг Гүүгэл нээлттэй сургалтын багцаар үнэ төлбөргүй хангаж байна.
Багш, сурагчид <нэр>@<сургуулийн нэр>.edu.mn хаягтай имэйл, видео холболт, файлын сан, хувийн вики, блог сайт, нийгмийн сүлжээ болон бусад олон функц бүхий онлайн багц хэрэгсэлтэй болсноор хаана байгаагаас үл хамааран, сургалтын мэдээлэл болон файлууддаа компьютер, таблет, гар утас зэрэг интернэтэд холбогдох төхөөрөмжүүдийг ашиглан чөлөөтэй нэвтрэн, засварлах боломжтой.
Нэмэлт сервер, тоног төхөөрөмж худалдан авах эсвэл шинэчилсэн хувилбарыг нь төлбөртэйгээр татаж авах шаардлагагүй, ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр автоматаар шинэчлэгдэнэ. хаягтай, спамын өндөр хамгаалалттай имэйл рүүгээ хэзээ ч хаанаас ч нэвтэрч болох төдийгүй видео хэлбэрээр харилцах боломжтой.
Санах ой нь хязгааргүй учир имэйлийн хайрцаг дүүрэх асуудал үүсэхгүй, сургуулийн имэйлийг болон хувийн имэйлүүдээс ялгаж ашиглах нь сургалтын үйл ажиллагааг илүү цэгцтэй болгоно.

Гүүгэл Документ /Google Docs/ нь баримт, хүснэгт, зураг, илтгэл болон үзүүлэн танилцуулах хуудас дээр нэгэн зэрэг ажиллах, дурын газраасаа файлуудаа ашиглах шийдэл юм. Документ дээр ганцаараа ажиллах биш өөрийн хамтран суралцагчид болон багш нартайгаа онлайнаар зэрэг ажиллаж, санаа бодлоо хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой.
Хүн бүрт тухайн баримтын хамгийн сүүлийн хувилбар үргэлж нээлттэй байх тул бичиг баримтыг олон хувь хэвлэх шаардлагагүй. Гэрийн даалгавар, бие даалтын ажлуудыг цахимаар дүгнэх нь багшийн ажлыг хөнгөвчилнө.

Гүүгэл цахим ангийг ашиглан нээлттэй сургалт хийх боломжтой бөгөөд багш сурагчид файлуудаа олон түвшинд хуваалцах давуу талтай.

Гүүгэл календарь нь хичээл, хурал, эцэг эхийн хурал, товлосон ажлын цагуудаа зохицуулах цагийн менежментийн систем юм. Найз нөхөд, багш, сурагчидтайгаа бүлгийн календарь үүсгэх ба энэ календарийг бүлгийн аль ч гишүүн шинэчлэх, хүсвэл хувийн буюу тодорхой хэсэг хүмүүст зориулсан хөтөлбөрийг календарьтаа оруулах боломжтой. Сургуулиуд нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөр, улирлын амралт, шалгалтын хуваарь зэргээ Гүүгэл календарь дээр хийж, сургуулийн вэб сайтад байрлуулан ашиглаж байна.

Гүүгэл сайт нь сургууль дотоод вэб сайтаа хялбараар хийх боломжийг олгоно. Чухал мэдээлэл, календарь, сургууль, анги танхимтай холбоотой зүйлсийг нэг дор төвлөрүүлж, харилцах суваг,мэдээллийг ил тод нээлттэй байлган, дотоод бүтцийг илүү зохион байгуулалттай болгоно. Сайтыгбүтээхэд HTML кодчлолын мэдлэг шаардлагагүй. Гүүгэл бүлгийн тусламжтайгаар төрөл бүрийн сонирхлын бүлгүүдэд нэгдэж, тэдгээр бүлгүүдэд найз нөхдөө нэмэх, шинээр бүлэг үүсгэнэ. Бүлэгт шинээр хэлэлцүүлэг нэмэхээс гадна файл, календариудаа хуваалцах боломжтой юм.

Гүүгэл нээлттэй сургалтын багцыг сонгох шалтгаан

*Сургуулиуд өөрийн бүртгэлтэй домэйн нэрээрээ Гүүгэл сургалтын багцыг ашиглаж, сургуулийн нэрээрээ хувийн хаягаа баталгаажуулна
*Гүүгэл сургалтын багц нь Gmailд суурилсан имэйл учир хандалт хурдан, спамын өндөр хамгаалалттай байдаг.
*Багш, сурагчид, захиргаа, хүний нөөц гэх мэтчилэн алба хэлтэс, сонирхлын бүлэг (спорт, хобби, хичээлийн ангиллаар эсвэл ангиар) үүсгэж, мэдлэгээ хуваалцаж, санал бодлыг сонсох, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэгт ашиглана.
*Орон зайн хувьд ялгаа гарахгүй учир онлайн сургалт, семинар зохион байгуулж, гарын авлага, сургалтын материалаа сурагчдад хүртээмжтэйгээр тараах боломжтой.
*Даалгавар, бие даалт, багийн ажлыг шалгах дүгнэхэд хялбар болох ба явцыг хянах боломжтой.
*Багш сурагчдын хамтын ажиллагааны талбарыг өргөжүүлж, сургалтыг нээлттэйгээр тэгш хүртээмжтэйгээр хүргэнэ.

Гүүгэл нээлттэй сургалтын багцад хэрхэн хамрагдах вэ?

Гүүгэл нээлттэй сургалтын багцад хамрагдах хүсэлт гаргахын тулд хүсэлт гаргаж буй сургуулийн домэйн нэр, сургалтын багцийг хариуцан ажиллах ажилтны мэдээллийг багтаасан хүсэлт бүхий албан бичгийг project@one.mn хаягаар электрон хэлбэрээр ирүүлнэ.

Шинээр нэмэгдсэн